Иошуа 14 - Ариун Библи 2013Иорданы баруун нутгийг хуваасан нь 1 Канаан нутагт тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарилахад түүнийг нь Израилийн хөвгүүд өвлөн авсан юм. 2 ЭЗЭНий тушаасан ёсоор эдгээр нутгийг Мосе есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав. 3 Иорданы зүүн талыг Мосе хоёр овог ба хагас овогт өв болгон өгчээ. Харин тэднээс левичүүдэд өв болгон юу ч өгсөнгүй. 4 Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ. 5 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд ийнхүү тэр газар нутгийг хуваав. Хеброныг Калебт өгөв 6 Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ. 7 ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг тандуулахаар явуулахад би дөчин настай байсан. Би түүнд хариу болгон зүрхэндээ байснаа авчирсан. 8 Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан. 9 Иймд Мосе надад тэр өдөр тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг чинь чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болог. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан билээ” гэсэн. 10 Харин одоо, харагтун, израильчуудыг цөл газарт явж байхад ЭЗЭН энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш ЭЗЭН амласныхаа дагуу дөчин таван жилийн турш намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ. 11 Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би одоо ч хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гарч орох хүч тэнхээтэй байна. 12 Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, ЭЗЭН надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв. 13 Тэгэхэд Иошуа Иефуннегийн хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв. 14 Тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан учир Хеброн нь өнөөг хүртэл кениз хүн, Иефуннегийн хүү Калебын өв болсон юм. 15 Арба нь анакчуудын хамгийн агуу хүн байсан тул Хеброныг урьд нь Кириат-арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амсхийв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)