Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

2Шастир 4 - Ариун Библи 2013


ЭЗЭНий өргөөний эд хэрэглэл
( 1Ха 7:23–51 )

1 Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.

2 Тэр бас тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраасаа амсар хүртэл арван тохой, өндөр нь таван тохой, бүтэн тойрог нь гучин тохой байлаа.

3 Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж арван тохой тутамд чимэглэл урласан бөгөөд хоёр эгнээ чимэглэлийг шууд цутгаж хийсэн байв.

4 Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож бүх үхэр хондлойгоо дотогш чиглүүлжээ.

5 Тэнгисийн зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар мэт хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ адил болой. Багтаамж нь гурван мянган бат байв.

6 Тэрээр угаал үйлдэх арван сав хийж, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Шатаалт тахилд хэрэглэх аливаа зүйлсийг тэнд угаадаг ба харин цутгамал тэнгис нь тахилч нарын угаал үйлдэхэд зориулагдсан байв.

7 Тэрээр зааврын дагуу арван алтан дэнлүүний суурь хийж тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.

8 Тэрээр арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулж мөн дэрвэгэр амсартай зуун алтан аяга хийжээ.

9 Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.

10 Тэрээр тэнгисийг өргөөний зүүн урд буланд байрлуулав.

11 Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө Бурханы өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хурам хийж дуусгажээ.

12 Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр хулт дог мөн хулт догуудыг чимэглэхээр баганын оройд суулгасан хоёр торон сүлжээс,

13 хоёр торон сүлжээсийг чимэглэх дөрвөн зуун анар, (баганын оройн хулт догийг чимэглэх хоёр торон сүлжээс бүрд хоёр эгнээ анар)

14 Тэр бас тавиурууд болон тавиуруудын дээр угаалгын сав,

15 мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.

16 ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр сав суулга, утгуур, сэрээ болон бүх хэрэгслийг Соломон хаанд Хурам-аби хийж өгсөн юм.

17 Хаан эдгээрийг Иорданы хөндийд, Суккот ба Зереданы хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав.

18 Соломон энэ бүх эд хэрэглэлийг ийнхүү асар олноор хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байлаа.

19 Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,

20 зааварлагдсан ёсоор дотоод ариун газрын өмнө асаах шижир алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамтаар мөн

21 шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, хямсаанууд,

22 шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa