Соломоны дуун 1 - Ариун Библи 20041 Соломоны дуунуудын дуун. — Сүйт бүсгүй 2 Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг! Учир нь чиний хайр дарснаас ч илүү. 3 Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана. 4 Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. — Найзууд Сүйт бүсгүй 5 Иерусалимын охид оо! Би Кедарын майхнууд, Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан. 6 Бор хэмээн намайг бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Эхийн минь хөвгүүд надад уурлаж, намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ. Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй. 7 Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч. Сүргээ чи хаана бэлчээж, жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ? Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ? — Болзоот залуу 8 Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь, сүргийн мөрөөр урагш явж, хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ. 9 Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой. 10 Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. — Найзууд 11 Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө. — Сүйт бүсгүй 12 Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална. 13 Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ. 14 Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ. — Болзоот залуу 15 Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! — Сүйт бүсгүй 16 Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж. 17 Байшингийн маань хөндлөвч хуш агаад дээвэр маань агар мод бөлгөө. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)