Зехариа 9 - Ариун Библи 2013Израилийн дайснуудыг шүүх нь 1 Нэгэн зөн. Хадрахын нутгийн эсрэг, Дамаск дээр буун үлдсэн ЭЗЭНий үг. (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН өөд хандана). 2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон Тун ухаантай Тир, Сидоны ч эсрэг байна. 3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт, Алтыг гудамжны тоос мэт овоолно. 4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван, Эд баялгийг нь далайд хаяна. Тэр галд шатаагдана. 5 Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовно, Екрон ч бас зовно. Учир нь найдвар нь тасарчээ. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна. 6 Ашдодод эрлийзүүд суурьшина, Филистчүүдийн бардамналыг Би тастана. 7 Би тэдний амнаас цусыг нь, Шүднүүдийнх нь завсраас жигшмээр юмсыг нь зайлуулна. Тэгээд бас тэд манай Бурханы төлөө үлдэж, Иудагийн тэргүүлэгч мэт байна. Екрон нь иебусчууд шиг болно. 8 Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Би Өөрийн мэлмийгээр харсан учир Ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй. Айсуй Удирдагч 9 Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ. 10 Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно. 11 Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө. 12 Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна. 13 Иудаг Би Өөрийн нум болгон татаж, Нумаа Ефраимаар дүүргэнэ. Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг Сион чиний хөвгүүдийг Би турхирна. Би чамайг дайчны илд мэт болгоно. 14 Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, Өмнөдийн хүчит шуурганаар давшина. 15 Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно. 16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно. 17 Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)