Зехариа 8 - Ариун Библи 2013ЭЗЭНээс Сионд өгөх амлалт 1 Түг түмдийн ЭЗЭНий үг ирж айлдсан нь — 2 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Сионыг үнэхээр хардан харамлаж байна. Тийм ээ, асар их уур хилэнгээр Би түүнийг хардаж байна.” 3 ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.” 4 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хэрээр гартаа таягтай байна. 5 Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв. 6 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд энэ нь хэт хэцүү байгаа бол мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 7 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас ч, наран шингэх газраас ч аврах гэж байна. 8 Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв. 9 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түг түмдийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нарын гар сүм баригдаж дуусах хүртэл хүчтэй байг. 10 Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүнийг Би нэг нэгнийх нь эсрэг тавьсан юм. 11 Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 12 “Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ. 13 Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв. 14 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, эс зөөлрөв” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад 15 “Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун. 16 Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг. 17 Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Баяр хөөртэй мацаг 18 Түг түмдийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь — 19 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.” Иерусалимд олноороо ирнэ 20 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотын оршин суугчид ирнэ. 21 Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түг түмдийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ. 22 Асар олон ард түмэн, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түг түмдийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ.” 23 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.” |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)