Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Зехариа 7 - Ариун Библи 2013


Дүр эсгэсэн мацгийг буруушаав

1 Дариус хааны дөрөвдүгээр оны Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.

2 Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Регем-мелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.

3 Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд

4 түг түмдийн ЭЗЭНий үг надад ирж —

5 Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?

6 Идэж уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?

7 Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.


Эсэргүүцлийн шийтгэл

8 Тэгээд ЭЗЭНий үг, Зехариад ирж —

9 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.

10 Бэлэвснийг болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө.”

11 Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

12 Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.

13 Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

14 Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan