Зехариа 6 - Ариун Библи 2013Найм дахь үзэгдэл: Дөрвөн тэрэг 1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирэх нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж. 2 Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд, 3 гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж. 4 Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлчид хандан —Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5 тэнгэрэлч надад хариулан —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас гарч буй тэнгэрийн дөрвөн салхи юм. 6 Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм. 7 Хүчтэнүүдийг гарч явахад тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр —Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав. 8 Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв. Титэмлэгч Мөчир 9 ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь — 10 Цөлөгдөгсдөөс, Вавилоноос ирсэн Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр. 11 Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн. 12 Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно. 13 Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” хэмээн хэл гэв. 14 Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно. 15 Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)