Зехариа 3 - Ариун Библи 2013Дөрөв дэх үзэгдэл: Иошуа ба Сатан 1 Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв. 2 ЭЗЭН, Сатанд —Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН, чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв. 3 Иошуа бузар муу хувцас өмссөн байх бөгөөд тэнгэрэлчийн өмнө зогсож байв. 4 Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв. 5 Дараа нь би —Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэрэлчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв. 6 ЭЗЭНий тэнгэрэлч, Иошуад бат сануулан — 7 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно. 8 Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна. 9 Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна. 10 Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)