Зехариа 12 - Ариун Библи 2013Иерусалимын ялалт 1 Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна. 2 “Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно. 3 Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна. 4 Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түг түмдийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ. 6 Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина. 7 Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд Иудагийн майхнуудыг ЭЗЭН аварна. 8 Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно. 9 Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ. Жадалсан Нэгэнийхээ төлөө харуусна 10 Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно. 11 Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм. 12 Газар нутаг гашуудан, ураг бүр урагтаа, Давидын гэрийн ураг ч тэндээ, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Натаны гэрийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь өөрсөд дундаа, 13 Левийн гэрийн ураг урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Шимеигийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, 14 үлдсэн бүх ургууд, ураг бүр урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа гашуудна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)