Зехариа 10 - Ариун Библи 2013Иуда ба Израилийн сэргэлт 1 Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм. Тэр хүн бүрд талбайд нь ногоог Тэдэнд шиврээ бороог өгнө. 2 Терафим ёс бусыг ярьж, Мэргэчид худлыг үзэн, хуурамч зүүднүүд хэлж, Дэмий хоосон тайвшруулах тул Хүмүүс хонь мэт төөрөн, Хоньчингүй учир зовно. 3 “Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, Ухнануудыг Би шийтгэнэ. Учир нь түг түмдийн ЭЗЭН Өөрийн сүрэг Иудагийн гэрт зочлон, Тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно. 4 Тэднээс булангийн чулуу, Тэднээс майхны гадас, Тэднээс тулааны нум, Тэднээс алив жанжин бүгд хамт ирэх болно. 5 Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих Хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно. 6 Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд Би тэдэнд хариулах болно. 7 Ефраим хүчирхэг эр мэт байж, Зүрх нь дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, ЭЗЭНий дотор тэдний зүрх баярлан хөөрнө. 8 Би тэднийг зольсон учир Тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно. 9 Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ. 10 Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна. Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй. 11 Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан, Далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салж одно. 12 Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)