Зехариа 1 - Ариун Библи 2013Израилийг гэмшилд дуудав 1 Дариусын хоёрдугаар оны наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь — 2 Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн. 3 Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 4 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 «Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу? 6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв. Эхний үзэгдэл: Морьтой хүн 7 Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ. 8 «Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв. 9 Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв. 10 Гавирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав. 11 Гавирт моддын дунд зогсож байсан, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав. 12 Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд 13 надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэрэлчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав. 14 Ингээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч, надад хандан —Ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим ба Сионыг үнэхээр хардан харамлаж байна. 15 Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан» 16 Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр шугам Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 17 Дахин ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно» гэв.» Удаах үзэгдэл: Эвэр ба дархчууд 18 Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв. 19 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав. 20 Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв. 21 Би —Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр —Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгой өндийгөөгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг зайлуулахаар ирсэн гэлээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)