Зефаниа 3 - Ариун Библи 2013Иерусалимын хилэнц 1 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ! 2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй. 3 Тэр хотын жононгууд нь архирагч арслангууд, Шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй. 4 Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ. 5 Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй. 6 “Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд Хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ. 7 «Үнэхээр чи Намайг хүндэтгэж, Зааврыг хүлээн авна» гэж Би айлдсан. Тиймээс түүний тухайд Миний товлосон бүхний дагуу Түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн. Үндэстнүүдийн шийтгэл ба эргэлт 8 Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно. 9 Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм. 10 Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүс Етиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно. 11 Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ. 12 Гэвч Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж, Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно. 13 Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, Ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд Тэд хооллож, хэвтэх болно. Баяр хөөрийн дуун 14 Сион охин! баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалим охин! баясан, бүх зүрхээрээ баярла! 15 ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН Та нарын дунд байна. Чи цаашид гай зовлонгоос айхгүй. 16 Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул. 17 Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. 18 Товлосон найр наадмуудын талаар Энэлэгсдийг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм. 19 Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, Бүх дэлхийд тэдний ичгүүрийг Магтаал болон яруу алдраар солино. 20 Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө Амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)