Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Үйлс 27 - Ариун Библи 2013


Паул Ромын зүг

1 Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн хоригдлыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.

2 Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн македони хүн Аристарх байлаа.

3 Маргааш нь бид Сидонд зогсов. Паулд сайхан сэтгэл гаргаж Иули түүнийг нөхөд дээрээ очиж асруулахыг зөвшөөрөв.

4 Тэндээс бид тэнгист гарч, салхи сөрж байснаас Киприйн нөмрөөр хөвөн

5 Килик, Памфулын тэнгисээр дайрч, Лукийн Мурад газардав.

6 Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг зуутын дарга тэндээс олж биднийг суулгалаа.

7 Салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид олон хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Крэтийн нөмрөөр хөвлөө.

8 Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт боомт хэмээх газар ирцгээв.

9 Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж —

10 Эрчүүд ээ! Энэ аялал ер нь ачаа болоод онгоцонд төдийгүй бидний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж байна гэв.

11 Гэвч зуутын дарга Паулын хэлснээс илүүтэй онгоцны ахмад ба залуурчинд итгэмжилж байлаа.

12 Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх нь тэндээс гарч, чадвал Фойник хэмээх зүүн өмнө ба зүүн хойш харсан Крэтийн зогсоолд хүрч, өвөлжих санаа гаргажээ.


Далайн шуурга

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв.

14 Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад

15 усан онгоц сөрж чадалгүй, салхинд туугдахад хүрэв.

16 Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа.

17 Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв.

18 Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв.

19 Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав.

20 Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул эцэстээ бидний аврагдах горьдлого тасарлаа.

21 Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.

22 Одоо харин эр зоригтой байхыг би та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ.

23 Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож,

24 “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв.

25 Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.

26 Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.

27 Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад,

28 тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.

29 Ингээд бид хад мөргөх вий хэмээн айж, усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн хүсэж байлаа.

30 Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав.

31 Паул зуутын дарга ба цэргүүдэд —Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь

32 цэргүүд завины олсыг тастаж, завинуудыг унагав.

33 Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж —Та нар өнөөдөр хүртэл хүлээсээр, хоолгүй, арван дөрвөн өдөр юу ч идэлгүй явж байна.

34 Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ.

35 Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв.

36 Тэд бүгдээрээ урамшин зоригжиж бас юм идэцгээлээ.

37 Усан онгоцон дээр бид бүгд хоёр зуун далан зургуулаа байсан юм.

38 Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхэллээ.


Усан онгоц сүйрсэн нь

39 Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв.

40 Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулж, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв.

41 Гэтэл тэнгисийн бэлчир газарт тэд орж, онгоцоо мөргүүлэн хайргадуулахад хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов.

42 Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах төлөвлөгөөтэй байлаа.

43 Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,

44 харин бусдыг нь банз юмуу, онгоцны хэлтэрхийг хэрэглэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan