Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Үйлс 17 - Ариун Библи 2013


Тесалоник дахь үймээн самуун

1 Тэд Амфиполь, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.

2 Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ.

3 Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.

4 Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.

5 Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

6 Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан —Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ.

7 Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв.

8 Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав.

9 Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.


Паул Силас нар Беройд

10 Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.

11 Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.

12 Тэднээс олонх нь мөн Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмэгтэйчүүд итгэв.

13 Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Беройд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг өдөөн хатгаж үймүүллээ.

14 Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлджээ.

15 Паулыг гаргаж өгөгсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа.


Паул Афин хотод

16 Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв.

17 Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа.

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.

19 Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?

20 Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.

21 (Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.)

22 Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа.

23 Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.

24 Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.

25 Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.

26 Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,

27 хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ.

28 Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог.

29 Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.

30 Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна.

31 Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.

32 Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.

33 Ингээд Паул тэдний дундаас гарч явав.

34 Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan