Тооллого 8 - Ариун Библи 2013Долоон дэнлүү 1 ЭЗЭН, Мосетэй ярин — 2 Ааронтай яриад “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” гэж түүнд хэл гэж айлдав. 3 Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав. 4 Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ. Левичүүдийн үйлчлэл ба зориулалт 5 ЭЗЭН, Мосетэй дахин ярьж — 6 Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч цэвэршүүл. 7 Тэднийг цэвэршүүлэхийн тулд чи тэдэнд дараахыг хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бие махбодынхоо хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааж, тэгээд цэвэр болно. 8 Тэгээд тэд үхэр сүргийн нэг төлийг, тосонд багсарсан сайн гурилан идээн өргөлийнх нь хамт аваг. Үхэр сүргийн хоёр дахь төлийг чи нүглийн тахилд авагтун. 9 Чи левичүүдийг уулзалтын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг цуглуул. 10 Чи левичүүдийг ЭЗЭНий өмнө авчирч, Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавиг. 11 Левичүүд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхийн тулд Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна. 12 Левичүүд бухнуудын толгой дээр гараа тавихад, левичүүдэд эвлэрүүллийг хийхийн тулд чи нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн. 13 Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож, тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир. 14 Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас салгах ба левичүүд Минийх болно. 15 Үүний дараа левичүүд уулзалтын майханд үйлчлэл хийхээр орж болно. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөлөөр өргө. 16 Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Хэвлийг анх нээгч бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн уугануудын оронд Би тэднийг Өөртөө авсан. 17 Учир нь Израилийн хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө ариусгасан болой. 18 Харин Би Израилийн хөвгүүдийн бүхий л ууганы оронд левичүүдийг авсан билээ. 19 Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа. 20 Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн нь бүхэлдээ левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв. 21 Левичүүд өөрсдийгөө нүглээс цэвэрлэн, хувцсаа угааж, Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөлөөр өргөв. Аарон тэднийг цэвэршүүлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ. 22 Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө уулзалтын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үйлдэв. 23 ЭЗЭН, Мосетэй ярин — 24 Левичүүдийн тухайд хорин тав ба түүнээс дээш насныхан уулзалтын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой. 25 Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажилаа зогсоох бөгөөд цаашид ажиллаж болохгүй. 26 Харин тэд дүү нартаа уулзалтын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд үүрэгтэй нь холбогдуулан чи ийнхүү үйлдэгтүн гэж айлдав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)