Тооллого 6 - Ариун Библи 2013Назир хүн 1 ЭЗЭН, Мосетэй ярин — 2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн онцгой ам өчиг болох назирийн ам өчгийг тавьж, өөрийгөө ЭЗЭНд ариусган тусгаарлах аваас 3 тэр хүн дарс болон сархдыг цээрлэж, дарсны цууг эсвэл сархдаар хийсэн цууг уух ёсгүй, усан үзмийн шүүсийг ч уух ёсгүй, шинэ юмуу хатаасан усан үзмийг ч идэх ёсгүй. 4 Тусгаарлалтынхаа бүх өдөрт тэрээр үрээс нь авахуулаад хальсыг нь хүртэл усан үзмийн модны ямар ч бүтээгдэхүүнийг идэх ёсгүй. 5 Тусгаарлалтынх нь ам өчгийн бүх өдөрт толгойд нь тонгорог хүрэх ёсгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Тэрээр толгойнхоо үсийг урт ургуулах ёстой. 6 ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй. 7 ЭЗЭНий ариусган тусгаарлалт түүний толгой дээр байгаа учир эцэг, эх, ах, эгч дүүгээ өөд болох үед ч тэр тэдний төлөө өөрийгөө бузарлах ёсгүй. 8 Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой. 9 Харин түүний дэргэд хүн гэв гэнэтхэн үхэж, тэрээр ариусган тусгаарласан толгойгоо бузарласан байх аваас цэвэрших өдөр тэрээр үсээ хусах ёстой. Тэрээр долоо дахь өдөр үсээ хусах ёстой. 10 Найм дахь өдөр тэрээр уулзалтын майхны үүдэнд тахилчид хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг авчрах ёстой. 11 Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд өргөж, үхсэн хүнээс болж нүгэл үйлдсэнд нь түүнд эвлэрүүллийг хийх бөгөөд тэр өдрөө мөнөөх хүний толгойг ариусгана. 12 Тэрээр назир байх өдрүүдээ ЭЗЭНд ариусган тусгаарлаж, ялын тахилд эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан байсан тул урьдын өдрүүд нь алдагдах болно. 13 Назирийн хууль энэ юм. Тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад түүнийг уулзалтын майхны үүдэнд авчрах ёстой. 14 Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөхдөө шатаалт тахилд согоггүй эр хурга нэгийг, нүглийн тахилд согоггүй охин төлөг нэгийг, эвийн тахилд согоггүй хуц нэгийг 15 мөн исгээгүй талх нэг сагсыг, тосоор багсарсан, сайн гурилан исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй бин зэргийг идээн өргөл болон ундаан өргөлүүдийнх нь хамт авчрах болой. 16 Тахилч эдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн тахил ба шатаалт тахилыг өргөнө. 17 ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахил болгон хуцыг нэг сагс исгээгүй талхны хамт өргөх бөгөөд тахилч мөн үүний идээн өргөл болон ундаан өргөлүүдийг өргөх ажгуу. 18 Назир хүн ариусган тусгаарласан толгойгоо уулзалтын майхны үүдэнд хусаж, толгойнхоо ариусган тусгаарлагдсан үсийг авч, эвийн тахилын өргөлийн доор байх галд хийнэ. 19 Тахилч, хуцын чанасан далыг мөн сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг бинг авч, ариусган тусгаарлалтын үсээ хуссаных нь дараа назирийн гар дээр тавина. 20 Тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон хандивын гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа назир хүн дарс ууж болно. 21 Олж авчирч чадах юмандаа нэмэлт болгон, тусгаарлалтынхаа төлөө ЭЗЭНд өргөхөөр ам өгсөн назирийн хууль энэ юм. Тэрээр тусгаарлалтын хуулийн дагуу, өгсөн ам өчгөөрөө үйлдэх ёстой” гэж айлдав. Тахилчийн ерөөл 22 Мосед ЭЗЭН айлдан — 23 Аарон болон түүний хөвгүүдэд “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд 24 «Чамайг ЭЗЭН ерөөж, сахин хамгаалах болтугай. 25 Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж, чамайг өршөөх болтугай. 26 ЭЗЭН чам уруу нүүрээ харуулж, Чамд амар тайвныг өгөх болтугай» гэж хэл” хэмээв. 27 Тэд Израилийн хөвгүүдийн дээр Миний нэрийг дуудах бөгөөд Би тэднийг ерөөх болно гэв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)