Тооллого 4 - Ариун Библи 2013Кохатынхан 1 Тэгээд ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин — 2 Левийн хөвгүүдийн дундаас Кохатын хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 3 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. 4 Уулзалтын майханд Кохатын үр удмын хийх ариунаас ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой. 5 Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. 6 Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь нэлдээ хөх даавуугаар бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. 7 Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. 8 Эдгээрийн дээгүүр тэд хүрэн улаан даавуу дэлгэж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, хөндлөвчүүдийг нь шургуулна. 9 Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт мөн үүний хямсаа, тосгуурууд болон үүнд хэрэглэгддэг тосны бүх савыг бүтээж, 10 бүх хэрэгслүүдийнх нь хамт далайн гахайн арьсан бүтээлэгт ороож, түүнийгээ дамнуурга дээр тавих ажгуу. 11 Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. 12 Тэд ариун газарт үйлчлэхдээ хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг авч, хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурга дээр тавина. 13 Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуу дэлгэнэ. 14 Тэд мөн үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх хэрэгсэл болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний хэрэгсэл бүгдийг түүн дээр тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, хөндлөвчүүдийг нь шургуулна. 15 Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм. 16 Тахилч Аароны хүү Елеазарын үүрэгт гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, асрын бүх үүрэг мөн үүний доторх бүхэн ба ариун газар, түүний бүх хэрэгсэл нь байна гэж айлдав. 17 Тэгээд Мосе Аарон нартай ЭЗЭН ярин — 18 Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. 19 Харин тэд ариунаас ариун юмсад хүрэх үедээ үхэлгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, хүн тусбүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөг. 20 Харин ариун юмсыг бүтээж байхад тэд дотогш орж, харах ёсгүй, эс бөгөөс тэд үхэх болно гэж айлдлаа. Гершоныхон ба Мерарийнхан 21 Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — 22 Мөн Гершоны хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэднийг эцгүүдийнх нь бүлээр, ургуудаар нь 23 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг чи тоологтун. 24 Үйлчлэлд болон ачаа зөөхөд гершончуудын ургийн үйлчлэл нь энэ болой. 25 Тэд уулзалтын майхны хөшиг болон асар, түүний бүтээлэг, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, уулзалтын майхны үүдэн дэх дэлгэц, 26 хашааны хөшигнүүд, асар болон тахилын ширээний эргэн тойрон дахь хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц, тэдгээрийн оосор, тэдгээрт хэрэглэгдэх хэрэгсэл бүхэн болон тэдгээрт хийгдсэн бүхнийг зөөнө. Тэд ийнхүү гүйцэтгэнэ. 27 Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар байх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. 28 Энэ нь уулзалтын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ураг бүгдийн үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байх болой. 29 Мерарийн хөвгүүдийн хувьд, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 30 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. 31 Уулзалтын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуух тэдний ачааны үүрэг гэвэл асрын дүнзнүүд, үүний хөндлүүд, багананууд болон углуурууд, 32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн. 33 Тахилч Аароны хүү Итамарын гар дор хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл буюу уулзалтын майханд хамаатай тэдний бүх үйлчлэл энэ юм гэж айлдав. Левичүүдийг тоолов 34 Тиймээс Мосе, Аарон ба даяар хотол түмний удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 35 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов. 36 Ургуудаараа тоолуулсан эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа. 37 Мосегоор дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, уулзалтын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургийн тоолуулсан эрчүүд байлаа. 38 Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 39 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, уулзалтын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоолуулав. 40 Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр тоолуулсан эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв. 41 Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, уулзалтын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоолуулсан хүмүүс байлаа. 42 Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 43 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 44 Тэдний ургуудаараа тоолуулсан эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв. 45 Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоолуулсан хүмүүс нь эд байлаа. 46 Тоолуулсан бүх левичүүд буюу Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон бүх хүн болох ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, 47 уулзалтын майхан дахь үйлчлэл болон зөөх ажлыг хийхээр орох чадвартай гучин наснаас дээш тавин нас хүртэлх бүх хүн, 48 буюу тэдний тоолуулсан эрчүүд нь найман мянга таван зуун ная болов. 49 ЭЗЭНий тушаалаар Мосегийн гараар тоологдсон хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Ингэж Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд түүгээр тоолууллаа. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)