Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Тооллого 31 - Ариун Библи 2013


Мидианы эсрэг дайн

1 ЭЗЭН, Мосетэй ярин —

2 Израилийн хөвгүүдийн өшөөг мидианчуудаас авагтун. Дараа нь чи ард түмэн уруугаа одох болно гэв.

3 Мосе ард олонтой ярин —ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд дундаасаа эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн.

4 Израилийн бүх овогоос буюу овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ.

5 Ингээд Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгатыг буюу арван хоёр мянгатыг дайнд гарган хуваарилав.

6 Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.

7 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийж эр хүйстэн бүрийг нь алав.

8 Тэд бусад алагдагсдын хамтаар Мидианы хаадыг алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаан болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр цавчин алав.

9 Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүдийг болон тэдний багачуудыг олзлон авч, тэдний бүх үхэр сүрэг, бүх бог малын сүрэг болон тэдний эд юмс бүхнийг дээрэмдэв.

10 Тэдний амьдарч байсан бүх хот, тэдний хуарангуудыг израильчууд галдан шатаав.

11 Хүн ч бай, мал ч бай дээрмийн бүхнийг бас хамаг олзыг тэд авлаа.

12 Тэд олзлогдогсод болон олзлон дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд буй Моабын тал дахь хуаранд, Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн хотол түмэнд авчирлаа.


Дайнаас буцаж ирэв

13 Тэднийг угтахаар Мосе, тахилч Елеазар болон хотол түмний бүх удирдагчид хуарангийн гадна гарцгаав.

14 Дайны талбараас ирсэн дайчдын захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.

15 Мосе тэдэнд —Та нар бүх эмэгтэйн амийг хэлтрүүлэв үү?

16 Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг самуурахад хүргэсэн. Тиймээс ЭЗЭНий хотол түмэн дунд гамшиг ирсэн.

17 Тиймээс одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг мөн эрийн өвөрт орж үзсэн эмэгтэй болгоныг алагтун.

18 Харин эр хүнтэй хавьтаж үзээгүй эмэгтэйчүүд охид бүгдийг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.

19 Хүн алсан хэн боловч, алуулсан нэгэнд хүрсэн хэн боловч та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Та нар ба олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.

20 Хувцас бүр, арьсан эдлэл бүр, ямааны ноолууран бүх зүйл болон бүх модон эдийг өөрсдөдөө цэвэршүүлэгтүн гэлээ.

21 Тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад —Мосед ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг энэ болой.

22 Алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,

23 галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болно. Түүнчлэн бузраас цэвэршүүлэх усаар цэвэршүүлж болно. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.

24 Та нар долоо дахь өдөр хувцсаа угаан цэвэр болж, дараа нь та нар хуаранд орж болно гэв.


Олзоо хуваасан нь

25 ЭЗЭН, Мосетэй ярин —

26 Чи, тахилч Елеазар мөн хотол түмний эцгүүдийн бүлийн тэргүүнүүд та нар дээрэмдсэн олз омог болох хүн, малын аль алины нийлбэр тоог ав.

27 Олз омогийг дайнд явсан дайчид болон хотол түмний дунд хуваагтун.

28 Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд алба гувчуур болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.

29 Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд хандив болгохоор тахилч Елеазарт өгөгтүн.

30 Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтны тавь тутмаас нэгийг авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.

31 Мосе болон тахилч Елеазар нар Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв.

32 Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,

33 далан хоёр мянган үхэр,

34 жаран нэгэн мянган илжиг,

35 хүмүүсээс, эр хүнтэй хавьтаж үзээгүй гучин хоёр мянган эмэгтэй байлаа.

36 Эхний хагас болох дайнд явагсдын хувь нь гурван зуун гучин долоон мянга таван зуун толгой хонь байсан бөгөөд

37 хониноос авсан ЭЗЭНий алба гувчуур зургаан зуун далан тав байв.

38 Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд тэндээс ЭЗЭНий алба гувчуурт далан хоёрыг нь авав.

39 Илжиг гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий алба гувчуурт жаран нэгийг нь авав.

40 Амьд хүн арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий алба гувчуурт гучин хоёр хүнийг авав.

41 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий хандив буюу алба гувчуурыг Мосе өгчээ.

42 Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасаас

43 буюу хотол түмний хагасаас гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь,

44 гучин зургаан мянган үхэр,

45 гучин мянга таван зуун илжиг,

46 арван зургаан мянган амьд хүн байлаа.

47 Өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор, Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын тавь бүрээс нэгийг Мосе авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд тэдгээрийг өгөв.

48 Түмэн цэргийн дарга нар болох мянгатын дарга ба зуутын дарга нар Мосе дээр очиж,

49 Мосед —Бидний удирдлага дор буй дайчдад таны зарц бид тооллого явуулсан бөгөөд биднээс нэг ч хүн дутагдаагүй.

50 Тиймээс бид амийнхаа төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийлгэхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.

51 Мосе болон тахилч Елеазар нар үнэт эдлэлүүд болох тэр алтыг тэднээс авав.

52 Мянгатын дарга, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа.

53 Дайчдаас хүн бүр өөртөө олз авсан байлаа.

54 Мосе ба тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аваад түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдийн төлөөх санамж болгон уулзалтын майханд авчрав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan