Тооллого 28 - Ариун Библи 2013Өдөр бүрийн өргөл ( Гэт 29:38–46 ) 1 Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин — 2 Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл. 3 Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд өргөх галан тахил энэ юм. Согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн. 4 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 5 Идээн өргөлд хинийн дөрөвний нэг цохисон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн. 6 Энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм. 7 Мөн хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан өргөл байна. Сархдаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд асгана. 8 Нөгөө хургыг та нар үдшийн бүрийгээр өргөх ёстой. Үүний хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг та нар ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн. Амралтын өдрийн өргөл 9 Харин Амралтын өдөр согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурил, үүний ундаан өргөлийг өргөгтүн. 10 Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна Амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой. Сар бүрийн өргөл 11 Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө. 12 Нэг буханд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурил мөн нэг хуцанд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг, 13 мөн нэг хурганд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон шатаалт тахилд өргөгтүн. 14 Ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын туршид сар бүрийн шатаалт тахил юм. 15 Ямаан сүргийн нэг ухныг ЭЗЭНд нүглийн тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөгдөх болой. Алгасалын өргөл ( Лев 23:5–14 ) 16 Эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Алгасал байна. 17 Энэ сарын арван тавны өдөр наадам болох бөгөөд долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой. 18 Эхний өдөр ариун цуглаан болох бөгөөд та нар ямар ч ажил бүү хий. 19 Та нар галан тахил болгон согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургаар ЭЗЭНд шатаалт тахил өргө. 20 Идээн өргөл нь тосонд багсарсан сайн гурил байна. Энэ нь буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр, 21 долоон хурга тусбүрд ефагийн аравны нэг байх юм. 22 Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахилд нэг ухныг өргөгтүн. 23 Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болох өглөөний шатаалт тахилаас гадна өргөх ёстой. 24 Та нар долоон өдрийн туршид өдөр бүр ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахилын хүнсийг ийм маягаар авчрах ёстой. Үүнийг байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөх болой. 25 Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил хийж болохгүй. Долоо хоногийн баярын өргөл ( Лев 23:15–22 ) 26 Түүнчлэн анхны үр жимсний өдөр, шинэ ургацаас идээн өргөлийг Долоо хоногуудын баяр дээр ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. 27 Та нар ЭЗЭНд хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болгох шатаалт тахилыг өргөгтүн. 28 Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, нэг буханд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг, 29 долоон хурга тусбүрд аравны нэгийг өргө. 30 Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн. 31 Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)