Тооллого 27 - Ариун Библи 2013Зелофехадын охид 1 Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн тач, Махирын дөч, Гилеадын гуч, Хеферийн ач, Зелофехадын охид иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв. 2 Тэд уулзалтын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон даяар хотол түмний өмнө зогсоод — 3 Бидний эцэг цөлд үхсэн хэдий ч Корагийн нөхөдтэй хамт ЭЗЭНий эсрэг цугласан хүмүүсийн дунд тэр байгаагүй. Харин тэр өөрийнхөө гэм нүглээс болж үхсэн бөгөөд хүүгүй байсан. 4 Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад арилах ёстой билээ? Эцгийн маань ах дүүсийн дунд бидэнд өв өгөөч гэв. 5 Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив. 6 ЭЗЭН, Мосетэй ярин — 7 Зелофехадын охид зөв зохистой юм хэлж байна. Чи тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дунд өвлөгдөх эзэмшлийг өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй. 8 Түүнчлэн чи Израилийн хөвгүүдтэй ярин “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн. 9 Хэрэв тэр хүн охингүй байх аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн. 10 Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн. 11 Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй байх аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны зарлиг болох ёстой” хэмээн хэл гэв. Мосегийн залгамжлагч Иошуа ( Дх 31:1–8 ) 12 Дараа нь ЭЗЭН, Мосед —Энэ Абарим ууланд гарч, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун. 13 Түүнийг харсныхаа дараа чи өөрийн ах Аароны адил эцэг өвгөд уруугаа одох болно. 14 Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байлаа.) 15 ЭЗЭНтэй Мосе ярин — 16 Бүх махбодын сүнснүүдийн Бурхан ЭЗЭН хотол түмний дээр нэг хүнийг томилох болтугай. 17 ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв. 18 ЭЗЭН, Мосед —Нуны хүү Иошуаг ав, түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун. 19 Түүнийг тахилч Елеазар болон даяар хотол түмний өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүргийг даалгагтун. 20 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн алдраас түүнд өгөгтүн. 21 ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ. 22 ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэрээр Иошуаг аваад тахилч Елеазар ба даяар хотол түмний өмнө зогсоов. 23 Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүн дээр гараа тавин, түүнд тушаав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)