Тооллого 26 - Ариун Библи 2013Шинэ үеийнхнийг тоолсон нь 1 Гамшгийн дараа Мосе ба тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин — 2 Израиль дотор дайнд явж чадах, хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлээр тоолж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нийлбэр тоог авагтун гэв. 3 Тиймээс Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин — 4 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны, Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийг тоологтун гэлээ. 5 Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг, 6 Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв. 7 Эдгээр нь реубенчүүдийн ураг ба тэдний тоолуулсан хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа. 8 Паллугийн хүү нь Елиаб байв. 9 Елиабын хөвгүүд нь Немуел Датан Абирам нар юм. Датан Абирам нар хотол түмнээс дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа. 10 Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Гал хоёр зуун тавин хүнийг залгин, тэд үхэж, анхааруулга болжээ. 11 Гэвч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа. 12 Симеоны хөвгүүд ургийнхаа дагуу Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг, 13 Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв. 14 Эдгээр нь симеончуудын ураг бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой. 15 Гадын хөвгүүд ургийнхаа дагуу Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг, 16 Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг, 17 Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв. 18 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ураг бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв. 19 Иудагийн хөвгүүд нь Ер Онан нар байв. Гэвч Ер Онан нар Канаан нутагт үхсэн. 20 Иудагийн хөвгүүд ургийнхаа дагуу Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв. 21 Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа. 22 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв. 23 Иссахарын хөвгүүд ургийнхаа дагуу Толагаас гарсан толачуудын ураг, Пувагаас гарсан пувачуудын ураг, 24 Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв. 25 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв. 26 Зебулуны хөвгүүд ургийнхаа дагуу Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв. 27 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу зебулунчуудын ураг бөгөөд жаран мянга таван зуун хүн байв. 28 Иосефын хөвгүүд ургийнхаа дагуу Манассе, Ефраим нар байлаа. 29 Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ. 30 Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг, 31 Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг, 32 Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв. 33 Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой. 34 Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоолуулсан хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв. 35 Ефраимын хөвгүүд нь ургийнхаа дагуу Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв. 36 Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа. 37 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ураг бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эд ургийнхаа дагуу Иосефын хөвгүүд болой. 38 Бениамины хөвгүүд нь ургийнхаа дагуу Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг, 39 Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв. 40 Белагийн хөвгүүд нь Ард Нааман нар байв. Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарсан билээ. 41 Эдгээр нь ургийнхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоолуулсан хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа. 42 Даны хөвгүүд нь ургийнхаа дагуу Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ураг билээ. 43 Тоолуулсан хүмүүсийн дагуу шухамчуудын бүх ураг нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа. 44 Ашерын хөвгүүд нь ургийнхаа дагуу Имнагаас гарсан имначүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан бериачуудын ураг байв. 45 Бериагийн хөвгүүдээс, Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв. 46 Ашерын охины нэрийг Сера гэдэг байв. 47 Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ураг бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа. 48 Нафталийн хөвгүүд нь ургийнхаа дагуу Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг, 49 Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв. 50 Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоолуулсан хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв. 51 Израилийн хөвгүүдээс тоолуулсан зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа. 52 ЭЗЭН, Мосетэй ярин — 53 Газар нутгийг эдгээрийн дунд нэр нэрээр нь өв болгон хуваах болой. 54 Олуулаад нь өвийг ихэсгэж, цөөхүүлээд нь өвийг багасгагтун. Тэднээс тоолуулсан хүнийх нь дагуу тусбүрд нь өв өгөгдөх болой. 55 Гэвч нутгийг шавгаар хуваах ёстой. Тэд эцгүүдийнхээ овгийн нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой. 56 Шавга буусны дагуу тэдний өв нь олонтой цөөнтэй бүлгүүдийн хооронд хуваагдах юм гэв. 57 Левичүүдээс ургийнхаа дагуу тоолуулсан хүмүүс Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв. 58 Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болжээ. 59 Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе мөн тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ. 60 Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв. 61 Харин Надаб Абиху хоёр ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө үхсэн юм. 62 Тэднээс тоолуулсан нэг сар ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй. 63 Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс энэ болой. 64 Харин Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд үгүй байлаа. 65 Учир нь ЭЗЭН тэдний тухайд —Тэд цөлд зайлшгүй үхэх болно гэж айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)