Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Тооллого 25 - Ариун Библи 2013


Пеорын Баалд мөргөсөн нь

1 Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв.

2 Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ.

3 Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг дүрэлзэв.

4 Мосед ЭЗЭН —Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм гэж айлдав.

5 Мосе Израилийн шүүгчдэд —Та нарын хүн нэгбүр чинь Пеорын Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ.

6 Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Мосегийн нүдний өмнө болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн мидиан эмэгтэйг авчрав.

7 Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа хотол түмний дундаас босож, гартаа жад авав.

8 Тэрээр израиль эрийн араас майханд орж, израиль эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо.

9 Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ.

10 ЭЗЭН, Мосетэй ярин —

11 Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилийн хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ.

12 Тиймээс ийн хэл “Харагтун, Би түүнд амар тайвны гэрээгээ өгч байна.

13 Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.

14 Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан хүн буюу алуулсан израиль эрийн нэр Салугийн хүү Зимри бөгөөд тэрээр Симеоны дунд эцгийн бүлийн удирдагч байв.

15 Алуулсан мидиан эмэгтэйн нэр Козби бөгөөд тэрээр Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүн Зурын охин байлаа.

16 ЭЗЭН, Мосетэй ярин —

17 Мидианчуудтай дайсагнан, тэднийг бут цохь.

18 Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан өөрийн эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэрэг болон Пеорын хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэж айлдлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan