Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Тооллого 22 - Ариун Библи 2013


Балаамыг Балак дуудуулав

1 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.

2 Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.

3 Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв.

4 Моаб, Мидианы ахмадуудад —Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа.

5 Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.

6 Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.

7 Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

8 Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад айлдах үгээр би та нарт хариу хэлье гэлээ. Моабын түшмэд Балаамтай хамт үлдэв.

9 Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв.

10 Бурханд Балаам хэлэхдээ —Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн

11 “Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв.

12 Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

13 Өглөө нь Балаам босож Балакийн түшмэдэд —Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцаж явцгаа гэв.

14 Моабын түшмэд босож Балак уруу очоод, түүнд —Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзлаа гэж хэлэв.

15 Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй түшмэдийг дахин илгээв.

16 Тэд Балаам уруу ирээд түүнд —Зиппорын хүү Балак ийн хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.

17 Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.

18 Балаам, Балакийн зарц нарт хариулан —Балак надад алт мөнгөөр дүүрэн гэрээ өгсөн ч би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг зөрчин их, бага ямар ч зүйлийг хийж чадахгүй.

19 Харин та нар өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ.

20 Шөнө нь Бурхан, Балаам уруу ирж, түүнд —Хэрэв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн чамд Миний хэлснийг л чи хийх ёстой гэв.

21 Балаам өглөө босоод, илжгээ эмээллэн унаж, Моабын түшмэдтэй хамт явав.


Балаам илжиг тэнгэрэлч гурав

22 Гэвч түүний явснаас нь болж Бурхан уурласан бөгөөд ЭЗЭНий тэнгэрэлч түүнд садаа болохоор зам дээр зогслоо. Балаам илжгээ унаж явсан бөгөөд хоёр зарц нь хамт байлаа.

23 ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг илжиг хараад замаас эргэж, тариан талбай уруу явав. Харин Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.

24 Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч усан үзмийн талбайнуудын хооронд энэ талдаа ч ханатай, нөгөө талдаа ч ханатай нарийхан зам дээр зогсов.

25 ЭЗЭНий тэнгэрэлчийг илжиг хараад, хананд наалдан, Балаамын хөлийг ханатай шахав. Тиймээс тэр, илжгийг дахин цохилоо.

26 ЭЗЭНий тэнгэрэлч цааш явж, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов.

27 Илжиг, ЭЗЭНий тэнгэрэлчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.

28 ЭЗЭН, илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд —Чамд би юу хийчихсэн болоод чи намайг ингэж гурван удаа цохино вэ? гэв.

29 Балаам илжгэнд —Чи надаар тохуурхсан учир ингэлээ. Гарт минь илд байсансан бол би чамайг хэдийнээ алсан байхсан гэлээ.

30 Илжиг, Балаамд —Өнөөдрийг хүртэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд ингэж хандах зуршилтай байсан гэж үү? гэхэд тэр —Үгүй гэлээ.

31 ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харлаа. Тэгээд Балаам бөхийн, нүүр доош мэхийв.

32 ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи илжгээ юунд ингэж гурван удаа цохив? Харагтун, надаас гажсан учир би чамд садаа болохоор гарч ирсэн.

33 Харин илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүйсэн бол Би чамайг алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.

34 Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.

35 Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд —Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.

36 Балаамын ирж явааг Балак сонсоод, нутгийн хамгийн захад Арноны хил дээр байдаг, Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.

37 Балак, Балаамд —Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг хүндэтгэж чадахгүй гэж үү? гэв.

38 Балаам —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв.

39 Балаам, Балактай хамт явж, тэд Кириат-хузотод ирэв.

40 Балак үхэр, хоньдыг нядлан өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан түшмэдэд илгээлээ.


Балаамын эхний зүйр зөн

41 Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan