Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Тооллого 20 - Ариун Библи 2013


Мерибагийн ус
( Гэт 17:1–7 )

1 Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зиний цөлд ирж, ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд өөд болж, тэндээ тавигдлаа.

2 Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав.

3 Ард олон Мосетой маргалдан —Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!

4 Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав?

5 Биднийг энэ ёрын муу газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, бас энд уух ус ч алга гэцгээв.

6 Тэгэхэд нь Мосе Аарон нар чуулганы дундаас уулзалтын майхны үүдэнд гарч очин, нүүрээрээ унахад ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.

7 ЭЗЭН, Мосед —

8 Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв.

9 ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.

10 Мосе Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулаад тэр тэдэнд —Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ.

11 Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав.

12 Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.

13 Энэ ус нь Мерибагийн ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй тэрсэлдэж, Тэр тэдэнд үүгээр Өөрийн ариуныг нотолсон юм.


Едомоор дамжихыг зөвшөөрсөнгүй

14 Дараа нь Мосе Едомын хаан уруу Кадешаас элч нарыг илгээж —Таны дүү Израиль ийн хэлж байна. “Бидэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг та мэднэ.

15 Бидний эцэг өвгөд Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар амьдран суусан бөгөөд египетчүүд бидэнд болон эцэг өвгөдөд маань муугаар хандаж байсан.

16 Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.

17 Нутгаар тань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй, худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замаар л явах болно” гэв.

18 Гэвч Едом түүнд —Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэй гарах болно гэв.

19 Израилийн хөвгүүд түүнд —Бид их замаар л явах болно. Хэрэв би болон мал амьтад маань танай уснаас уух аваас бид үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.

20 Гэвч Едом —Чи дамжин өнгөрч болохгүй гэж хариулаад, их хүч, хатуу нударгаар тэдний эсрэг хөдлөв.

21 Тийнхүү Едом нутаг дэвсгэрээрээ Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэн холдов.


Аарон өөд болов

22 Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Кадешаас хөдлөн Хор ууланд хүрэв.

23 ЭЗЭН, Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе Аарон нартай ярин —

24 Та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт Аарон орохгүй. Харин өөрийн ард олон уруу аваачигдах болно.

25 Аарон болон түүний хүү Елеазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун.

26 Аароны хувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно гэв.

27 Мосе, ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд даяар хотол түмний нүдний өмнө Хор ууланд гарав.

28 Аароны хувцсыг Мосе тайлан авч хүү Елеазарт нь өмсгөв. Аарон тэнд уулын орой дээр үхжээ. Дараа нь Мосе Елеазар нар уулнаас буув.

29 Даяар хотол түмэн Аароны үхсэнийг хараад Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоног уйлалдав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan