Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Тооллого 2 - Ариун Библи 2013


Хуарагнах ба хөдлөх дараалал

1 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин —

2 Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, эцгүүдийнхээ бүлийн тэмдгүүдийн дэргэд буудаллах ёстой. Тэд уулзалтын майхан тийш харан хүрээлж буудаллах ёстой.

3 Зүүн талд буюу наран мандах зүгт Иудагийн хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр буудаллана. Иудагийн хөвгүүдийн удирдагч Амминадабын хүү Нахшон бөгөөд

4 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу болой.

5 Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байна. Иссахарын хөвгүүдийн удирдагч Зуарын хүү Нетанел бөгөөд

6 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу болой.

7 Дараа нь Зебулуны овог байна. Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб бөгөөд

8 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу болой.

9 Иудагийн хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.

10 Өмнөд талд нь Реубений хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Реубений хөвгүүдийн удирдагч Шедеурын хүү Елизур бөгөөд

11 мөн түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу болой.

12 Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байна. Симеоны хөвгүүдийн удирдагч Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд

13 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу болой.

14 Дараа нь Гадын овог байна. Гадын хөвгүүдийн удирдагч Деуелийн хүү Елиасаф бөгөөд

15 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь болой.

16 Реубений хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой.

17 Хуарангуудын гол дунд нь уулзалтын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байранд, тугийнхаа дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой.

18 Баруун талд нь Ефраимын хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Ефраимын хөвгүүдийн удирдагч Аммихудын хүү Елишама бөгөөд

19 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин мянга таван зуу болой.

20 Дэргэд нь Манассегийн овог байна. Манассегийн хөвгүүдийн удирдагч Педахзурын хүү Гамалиел бөгөөд

21 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу болой.

22 Дараа нь Бениамины овог байна. Бениамины хөвгүүдийн удирдагч Гидеоны хүү Абидан бөгөөд

23 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу болой.

24 Ефраимын хуарангийн дайчдынхаа бүлэглэлүүдээр тоолуулсан эрчүүд зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.

25 Хойд талд нь Даны хуарангийн туг дайчдынхаа бүлэглэлүүдээр байна. Даны хөвгүүдийн удирдагч Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд

26 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу болой.

27 Дэргэд нь буудаллагсад Ашерын овог байна. Ашерын хөвгүүдийн удирдагч Охраны хүү Пагиел бөгөөд

28 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу болой.

29 Дараа нь Нафталийн овог байна. Нафталийн хөвгүүдийн удирдагч Енаны хүү Ахира бөгөөд

30 түүний дайчид, тэдний тоолуулсан эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу болой.

31 Даны хуарангийн тоолуулсан эрчүүд зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд тугаа барин сүүлд хөдлөх ёстой гэж айлдав.

32 Эд Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлийн дагуу тоолуулсан эрчүүд болой. Хуарангуудад дайчдын бүлэглэлээрээ тоолуулсан эрчүүд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв.

33 Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор левичүүд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй.

34 Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд үйлдэж, өөр өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, эцгүүдийнхээ бүлийн дагуу хөдлөн нүүж байв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan