Шүүгчид 4 - Ариун Библи 2013Дебора Барак нар 1 Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв. 2 Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдран суудаг байв. 3 Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв. 4 Тэр үед Лаппидотын эхнэр, эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. 5 Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. 6 Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул. 7 Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар уруу явуулж, та нарын гарт өгнө” гэв гэж хэлүүлэв. 8 Тэгтэл Барак түүнд —Хэрэв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. 9 Харин Дебора —Би чамтай хамт дуртайяа явна. Харин ЭЗЭН, Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаах учир чиний явах аянд алдар хүнд нь чамд ногдохгүй гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явжээ. 10 Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав. 11 Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох кенчүүдээс салж, Кедешийн ойролцоох Заананним дахь царсан ой хүртэл майхнаа босгов. 12 Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг Сисерад мэдэгдсэнд 13 Сисера есөн зуун төмөр тэргээ мөн өөртэй нь хамт байсан бүх хүнээ Харошет-хагоимаас Кишоны хөндийд дуудан цуглуулжээ. 14 Дебора, Баракт хандан —Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа. 15 ЭЗЭН, Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зугтаж одлоо. 16 Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав. 17 Тэгтэл Сисера, кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан уруу явган зугтаж ирэв. Учир нь Хазорын хаан Иабин болон кен хүн Хеберийн гэрийн хооронд энх тайван байв. 18 Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд —Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд Иаел түүнийг хөнжлөөр хучив. 19 Сисера түүнд —Уух жаахан ус өгөөч. Би цангаж байна гэсэнд Иаел сүүтэй арьсан тулмыг онгойлгож түүнд уулгаад, түүнийг дахин хучив. 20 Сисера түүнд —Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв. 21 Сисера ядарснаас гүн нойронд автахад Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч гартаа алх барин сэмхэн түүнд ойртож очоод чамархай уруу нь гадсаа шааж газартай зоов. Ингээд Сисера ухаан алдаж үхэв. 22 Харагтун, Барак, Сисераг мөшгөн хөөж ирэхэд Иаел түүнийг угтан гарч ирээд —Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Тэр майханд орсонд, харагтун, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа. 23 Ийнхүү Бурхан тэр өдөр израильчуудын өмнө Канааны хаан Иабиныг номхруулав. 24 Израилийн хөвгүүдийн гар ширүүсэн ширүүссээр эцэст нь Канааны хаан Иабиныг устгав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)