Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Шүүгчид 3 - Ариун Библи 2013


Израилийн нутагт үлдсэн үндэстнүүд

1 Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израильд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ.

2 (Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.)

3 Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм.

4 Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилийг шалган сорьсон юм.

5 Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдран сууж,

6 тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.


Отниел

7 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв.

8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ.

9 Израилийн хөвгүүд ЭЗЭНд тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН Израилийн хөвгүүдэд тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байлаа.

10 ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув.

11 Ийнхүү энэ газар нутаг дөчин жил амар жимэр байв. Тэгээд Кеназын хөвгүүн Отниел өөд болов.


Ехүд

12 Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

13 Тэрээр Аммон болон Амалекийн хөвгүүдийг өөртөө нэгтгэн цуглуулж Израилийг довтлон цохиод Далдуу модны хотыг эзэмшилдээ авав.

14 Ингээд Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш зарцлагджээ.

15 Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд ЭЗЭН тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь бениамин хүн, Герагийн хөвгүүн болох солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүний гараар дамжуулан илгээв.

16 Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй илд хийж баруун ташаандаа бэхлэн хувцсаараа халхлав.

17 Тэгээд тэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш тарган хүн байлаа.

18 Тэр алба гувчуураа гардуулсны дараа алба гувчуурыг зөөж авчирсан хүмүүсийг явуулав.

19 Ийнхүү тэрээр Гилгалд байсан шүтээний газраас буцаж эргээд —Хаантан, танд дуулгах нууц үг надад байна гэсэнд хаан —Чимээгүй гэв. Хааны дэргэд зогсож байсан бүгд түүнийг орхин гарлаа.

20 Ингээд сэрүүн дээд лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь ирэв. Ехүд —Танд дуулгах Бурханы үг надад байна гэв. Хааныг суудлаасаа өндиймөгц

21 Ехүд зүүн гараа сунгаж, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд

22 бариул нь ч хүртэл иртэйгээ хамт оржээ. Тэрээр сэлмээ хэвлийгээс нь сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучаад бохир нь гарч иржээ.

23 Тэгээд Ехүд уудам хонгил уруу гарч, хааны байгаа дээд лаврингийн хаалгыг хааж түгжив.

24 Ехүдийг гарсны дараа хааны зарц нар ирэв. Харагтун, дээд лаврингийн хаалга түгжээтэйг үзээд тэд —Хаантан лав сэрүүн лавриндаа шилбээ далдалж суугаа байх гэцгээв.

25 Зарц нар нь аягүйцтэлээ хүлээгээд, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээв. Хараач, тэдний эзэн үхчихсэн, шалан дээр хэвтэж байв.

26 Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд зугтан, шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа.

27 Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрбээр тэднийг тэргүүлэв.

28 Тэр тэдэнд —Өстөн дайсан моабчуудыг ЭЗЭН та нарын гарт өгсөн. Миний хойноос гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо бууж, Моаб уруу хүрдэг Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.

29 Тэр үед тэд арван мянга орчим эр зоригтой бөгөөд хүдэр чийрэг моабчуудыг алав. Тэднээс нэг нь ч мултран зугтаж чадсангүй.

30 Ингэж тэр өдөр Моаб израильчуудын нударга дор сөгдөв. Ийнхүү энэ газар нутаг наян жилийн турш амар жимэр байв.


Шамгар

31 Ехүдийн дараа Израилийг дахин аварсан нэгэн бол үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан, Анатын хөвгүүн Шамгар байв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan