Шүүгчид 2 - Ариун Библи 2013Дуулгаваргүй израильчууд 1 ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална. 2 Харин та нар энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ? 3 Тиймээс Би “Би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй, харин тэд сундуу мэт хажуугаас чинь хатгаж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдлаа гэв. 4 ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав. 5 Тиймээс тэд тэр газарт Бохим гэдэг нэр өгөөд тэнд ЭЗЭНд тахил өргөжээ. Иошуа өөд болсон нь 6 Иошуа ард олныг тараахад Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихээр явцгаав. 7 Иошуаг амьд сэрүүн байхад ард олон ЭЗЭНд үйлчлэв. Мөн Израильд үйлдсэн ЭЗЭНий бүх аугаа үйлсийг харсан ба Иошуагаас урт насалсан ахмадуудыг амьд сэрүүн үед ч гэсэн ард олон ЭЗЭНд үйлчлэв. 8 ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа зуун арван насандаа өөд болов. 9 Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан хот Тимнат-хересд оршуулав. 10 Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ. Израильчууд итгэл эвдэв 11 Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. 12 Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. 13 Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ. 14 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. 15 ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав. 16 Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгосноор тэднийг тонуулчдын гараас аврав. 17 Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. 18 ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ. 19 Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг даган тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй. 20 Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа. 21 Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. 22 Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв. 23 Иймд ЭЗЭН тэдгээр үндэстнийг дав дээр хөөлгүй үлдээсэн ба Тэр тэднийг Иошуагийн гарт тушаагаагүй билээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)