Ром 1 - Ариун Библи 2013Мэндчилгээ 1 Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ. 2 Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан 3 нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, 4 Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. 5 Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд 6 тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. 7 Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл хийгээд амар тайвныг хүсье. Талархлын залбирал 8 Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна. 9 Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм. 10 Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг. 11 Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцахсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг. 12 Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжихсон билээ. 13 Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. 14 Грекүүд болон хэл харьтнууд цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. 15 Тиймд миний хувьд Ром дахь та нарт ч сайнмэдээ хүргэхээр тэсэн ядаж байна. Сайнмэдээний хүч 16 Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн. 17 «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг. Хүн төрөлхтний гэмт чанар 18 Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. 19 Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. 20 Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй. 21 Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. 22 Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд 23 үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. 24 Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. 25 Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. 26 Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. 27 Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. 28 Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. 29 Тэд элдэв зүй бус, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч, 30 гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, 31 ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. 32 Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)