Номлогчийн үгс 1 - Ариун Библи 2013Номлогч хааны эргэцүүлэл 1 Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой. 2 Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ. 3 Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм? 4 Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л. 5 Наран мандсаар, нар жаргасаар Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л. 6 Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр 7 Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар. 8 Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй Харах нүд ханахгүй, Чагнах чих дүүрэхгүй. 9 Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга. 10 Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс Хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх Аль эрт байсан л зүйл байна. 11 Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй. Мэргэн ухааныг хайх нь хоосон 12 Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв. 13 Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу. 14 Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр. 15 Муруйсан нь тэгш эс болох, нэгэнт үгүйг тоолж үл чадах. 16 Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв. 17 Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив. 18 Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)