Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Мика 4 - Ариун Библи 2013


Дуулгавар дагасан аюулгүй амар цаг

1 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.

2 Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.

3 Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж, Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, Жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

4 Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.

5 Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч, Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана.


Амлагдсан сэргэлт

6 ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг, Өөрийнхөө зовоосон хүмүүсийг хүртэл цуглуулна.

7 Би доголонг нь үлдэгч, Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.

8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.

9 Чи одоо юунд чанга хашхирна вэ? Чамд ямар ч хаан байхгүй юу? Эсвэл зөвлөгч чинь устаж, Төрж буй эмэгтэйнх шиг Өвчин шаналал чамайг эзэмдэв үү?

10 Одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой тул Сион охин оо, дуншиж буй эмэгтэй шиг Нярайлахаар өвдөж, шанал. Тэнд чи аврагдана, ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.

11 «Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.

12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.

13 Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan