Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Матай 20 - Ариун Библи 2013


Талбайд ажиллагсад

1 Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм.

2 Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв.

3 Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад

4 тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ.

5 Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв.

6 Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хэдийг олоод, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдөржин ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд

7 тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ.

8 Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.

9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв.

10 Эхэнд ирэгсэд илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денараа авчээ.

11 Тэд хөлсөө аваад газрын эзний өөдөөс гонгинолдож

12 “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Өдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ.

13 Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон биш үү?

14 Өөрийнхийгөө аваад, яв. Харин би энэ сүүлчийнхэд чамд өгсөнтэй адил хөлс өгөхийг хүсэж байна.

15 Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ.

16 Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.


Үхэл, амилалаа гурав дахиа зөгнөв
( Мк 10:32–34 ; Лк 18:31–34 )

17 Есүс Иерусалим уруу явж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд —

18 Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан,

19 харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.


Иаков Иохан хоёрын эхийн хүсэлт
( Мк 10:35–45 )

20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, Түүнээс юм гуйх гэв.

21 Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв.

22 Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.

23 Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав.

24 Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв.

25 Харин Есүс тэднийг дуудаад, —Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.

26 Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.

27 Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.

28 Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.


Хоёр сохрыг эдгээв
( Мк 10:46–52 ; Лк 18:35–43 )

29 Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа.

30 Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.

31 Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав.

32 Есүс зогсож, тэднийг дуудаад —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд

33 тэд —Эзэн, нүдийг маань нээгээч гэв.

34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Түүнийг дагалаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan