Матай 18 - Ариун Библи 2013Хамгийн агуу нь ( Мк 9:33–37 ; Лк 9:46–48 ) 1 Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. 2 Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь — 3 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. 4 Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. 5 Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авч байгаа юм. Нүгэлд уруу татах ( Мк 9:42–48 ; Лк 17:1–2 ) 6 Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. 7 Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ! 8 Гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. 9 Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ галт тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр аминд орох нь чамд дээр. Сургаалт зүйрлэл: Алдагдсан хонь ( Лк 15:3–7 ) 10 Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг. 11 [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм] 12 Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв нэгэн хүн зуун хоньтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод, төөрснийг нь хайхаар явахгүй гэж үү? 13 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. 14 Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм. Гэмт нэгнээ залруулах 15 Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. 16 Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. 17 Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг. 18 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. 19 Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. 20 Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. Уучлал 21 Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь 22 Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. Сургаалт зүйрлэл: Өршөөлгүй зарц 23 Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. 24 Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. 25 Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. 26 Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад 27 тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. 28 Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. 29 Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. 30 Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. 31 Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. 32 Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. 33 Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд 34 ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. 35 Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)