Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Матай 15 - Ариун Библи 2013


Ахмадын заншил
( Мк 7:1–13 )

1 Тэгтэл Иерусалимаас фарисайчууд ба хуулийн багш нар Есүс дээр ирж —

2 Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд

3 Тэр хариуд нь тэдэнд —Яагаад та нар бас ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалыг зөрчинө вэ?

4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.

5 Гэтэл та нар “Хэн эцэгтээ эсвэл эхдээ «Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн» гэж хэлнэ,

6 тэр нь эцгээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн.

7 Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ

8 “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.

9 Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.


Бузарладаг зүйлс
( Мк 7:14–23 )

10 Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд —Сонс бас ухаар.

11 Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд

12 шавь нар нь ойртож очоод, Түүнд —Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд бүдрэн унтууцсаныг Та мэдэв үү? гэжээ.

13 Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.

14 Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд

15 Петр Түүнд —Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаач гэсэнд

16 Тэр —Та нар ч бас ойлгохгүй хэвээр байна уу?

17 Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу?

18 Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг.

19 Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг.

20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.


Канаан эмэгтэйн итгэл
( Мк 7:24–30 )

21 Есүс тэндээс явж, Тир, Сидон хавьд ирэв.

22 Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов.

23 Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв.

24 Гэтэл Есүс —Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм гэсэн

25 боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж —Эзэн, надад туслаач гэхэд

26 Есүс —Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ гэв.

27 Харин тэр —Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ гэсэнд

28 Есүс —Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ.


Олон хүнийг эдгээв

29 Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув.

30 Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, хэлгүй бас өөр олон хүнийг авч ирээд хөлд нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.

31 Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.


Дөрвөн мянган эрийг хооллов
( Мк 8:1–10 )

32 Есүс шавь нараа дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд

33 шавь нар нь Түүнд —Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд

34 Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ.

35 Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад,

36 долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ.

37 Бүгд идэж цадаад, үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв.

38 Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрс идсэн юм.

39 Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж Магаданы нутагт ирэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan