Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Матай 14 - Ариун Библи 2013


Баптисч Иоханы үхэл
( Мк 6:14–29 ; Лк 9:7–9 )

1 Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсов.

2 Херод зарц нартаа —Энэ бол баптисч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв.

3 Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.

4 Яагаад гэвэл Иохан, Херодод —Херодиаг та авах нь хууль бус юм гэж хэлсэн ажээ.

5 Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.

6 Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж Херодод таашаагджээ.

7 Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав.

8 Охин, эхийнхээ ятгалгаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ.

9 Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав.

10 Ингээд тэр хүн илгээж, шоронд Иоханы толгойг авчээ.

11 Толгойг нь охинд царан дээр авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачив.

12 Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.


Таван мянган эрийг хооллов
( Мк 6:30–44 ; Лк 9:10–17 ; Иох 6:1–14 )

13 Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа.

14 Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв.

15 Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв.

16 Харин Есүс тэдэнд —Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд

17 тэд Түүнд —Бидэнд таван талх, хоёрхон загаснаас өөр юм алга гэсэнд —

18 Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.

19 Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв.

20 Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.

21 Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.


Усан дээгүүр алхав
( Мк 6:45–52 ; Иох 6:15–21 )

22 Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулав.

23 Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.

24 Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа.

25 Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.

26 Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав.

27 Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.

28 Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд

29 Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

30 Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь

31 Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ.

32 Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ.

33 Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.


Геннесаретэд өвчтөнийг эдгээв
( Мк 6:53–56 )

34 Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрчээ.

35 Тэр нутгийн эрчүүд Түүнийг таниад, хавь орчныхоо бүх газарт үг илгээж, өвчтэй болгоныг Түүнд авчирлаа.

36 Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэж байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan