Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Матай 13 - Ариун Библи 2013


Сургаалт зүйрлэл: Тариачин
( Мк 4:1–9 ; Лк 8:4–8 )

1 Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа.

2 Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа.

3 Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ.

4 Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ.

5 Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ.

6 Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ.

7 Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов.

8 Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.

9 Сонсох чихтэй нь сонсогтун гэв.


Сургаалт зүйрлэлийн зорилго
( Мк 4:10–12 ; Лк 8:9–10 )

10 Шавь нар Түүн дээр ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд

11 Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.

12 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.

13 Тэд харавч эс ухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.

14 Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр “Та нар сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй.

15 Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг.

16 Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!

17 Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.


Сургаалт зүйрлэлийн тайлбар
( Мк 4:13–20 ; Лк 8:11–15 )

18 Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун.

19 Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.

20 Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч,

21 харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг.

22 Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог.

23 Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.


Сургаалт зүйрлэл: Үрийн сүүл

24 Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм.

25 Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ.

26 Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв.

27 Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд

28 эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд

29 тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.

30 Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.


Сургаалт зүйрлэл: Гичийн үр
( Мк 4:30–32 ; Лк 13:18–19 )

31 Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм.

32 Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.


Сургаалт зүйрлэл: Хөрөнгө
( Лк 13:20–21 )

33 Тэрээр өөр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан —Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.


Сургаалт зүйрлэлийн хэрэглээ
( Мк 4:33–34 )

34 Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй.

35 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр амаа нээнэ. Би ертөнцийн сууриас эхлэн Нууцлагдсан зүйлсийг хэлнэ» гэсэн байна.


Үрийн сүүл сургаалт зүйрлэлийн тайлбар

36 Есүс хурсан олныг орхин гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд, —Тариан талбай дахь үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь

37 Тэр —Сайн үр таригч нь Хүний Хүү,

38 талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хөвгүүд, үрийн сүүлийн үрүүд нь ёрын муу нэгний хөвгүүд,

39 тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм.

40 Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно.

41 Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд,

42 галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.

43 Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.


Гурван сургаалт зүйрлэл

44 Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.

45 Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.

46 Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авна.

47 Мөн тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм.

48 Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна.

49 Үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэрэлч нар ирж, зөвтийн дундаас ёрын мууг ялгаж,

50 тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.


Шинэ ба хуучин эрдэнэс

51 Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв.

52 Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.

53 Есүс эдгээр сургаалт зүйрлэлийг дуусгаад тэндээс явав.


Назарт Есүсийг голсон нь
( Мк 6:1–6 ; Лк 4:16–30 )

54 Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхшран —Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамшигуудыг авсан юм бол?

55 Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү?

56 Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв.

57 Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.

58 Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон хүчит гайхамшиг үйлдсэнгүй.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan