Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Марк 5 - Ариун Библи 2013


Чөтгөр шүглэсэн хүнийг эдгээв
( Мт 8:28–34 ; Лк 8:26–39 )

1 Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ.

2 Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав.

3 Орон байр нь булшнуудын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж.

4 Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ.

5 Булшин дунд, ууланд өдөр шөнөгүй тэрээр орилж, чулуугаар өөрийгөө балбах аж.

6 Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж, Түүнд мөргөв.

7 Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.

8 Учир нь Есүс —Бузар сүнс чи хүнээс гар гэж айлдсан ажээ.

9 Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв.

10 Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж тэр Түүнээс хүсэмжлэн гуйв.

11 Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа.

12 Чөтгөрүүд Есүсээс —Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад

13 Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг нуурын эгц ганга дээрээс ухасхийж, нууранд унан живцгээлээ.

14 Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.

15 Тэд Есүс дээр ирээд, «Легион» шүглэж байсан мөнөөх нэгэн хувцаслачихсан, эрүүл саруул сууж байхыг хараад, ихэд айв.

16 Үүнийг үзсэн хүмүүс, чөтгөр шүглэсэн хүнд юу тохиолдсоныг болон гахайнууд яасан тухай тэдэнд ярьжээ.

17 Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв.

18 Есүсийг завинд суух үед чөтгөр шүглэсэн байсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч

19 Есүс үл зөвшөөрөн, харин түүнд —Гэртээ, өөрийнхөндөө оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв.

20 Тэр явж, Есүс түүнд хичнээн ихийг үйлдсэнийг Декаполиор нэг зарлаж эхлэв. Бүгд гайхацгааж байлаа.


Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв
( Мт 9:18–26 ; Лк 8:40–56 )

21 Есүс завиар нөгөө эрэгт дахин гаталж ирэхэд Түүн уруу үй олон хуран цуглажээ. Тэр нуурын дэргэд байв.

22 Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж —

23 Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв.

24 Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа.

25 Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв.

26 Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ.

27 Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв.

28 Учир нь тэр —Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.

29 Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв.

30 Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж —Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа.

31 Шавь нар нь Түүнд —Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ.

32 Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав.

33 Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.

34 Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

35 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ.

36 Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв.

37 Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв.

38 Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа.

39 Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд

40 тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров.

41 Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв.

42 Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр мэл гайхав.

43 Тэр —Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад, —Охинд идэх юм өг гэлээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan