Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Марк 2 - Ариун Библи 2013


Есүс саа өвчтөнг эдгээв
( Мт 9:1–8 ; Лк 5:17–26 )

1 Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ.

2 Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.

3 Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ.

4 Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.

5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв.

6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн —

7 Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход

8 тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ?

9 Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?

10 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд —

11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд

12 тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж —Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав.


Левиг дуудав
( Мт 9:9–13 ; Лк 5:27–32 )

13 Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа.

14 Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө хараад, түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа.

15 Тэдний гэрт Есүсийг тухлан суухуйд татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж.

16 Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэв.

17 Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.


Мацгийн тухай асуулт
( Мт 9:14–17 ; Лк 5:33–39 )

18 Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд

19 Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй.

20 Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.

21 Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна.

22 Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.


Амралтын өдрийн тухай мэдэгдэл
( Мт 12:1–8 ; Лк 6:1–5 )

23 Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь зам гаргангаа тариан түрүүг шувтарч эхлэв.

24 Фарисайчууд Түүнд —Хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд

25 Есүс тэдэнд —Өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж үү?

26 Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд,

27 Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон.

28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan