Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Малахи 2 - Ариун Библи 2013

1 “Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.”

2 Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.

3 Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найрын тахилын сэвсийг, тэр сэвсийг нялж, та нар түүнтэйгээ хамт Надаас зайлах болно.

4 Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

5 “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогссон.

6 Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлсэн.

7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.

8 Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

9 “Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.


Иудагийн тэрсэлсэн гэрээ

10 Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү? Яагаад бид ах дүүгийнхээ эсрэг тэрслэн өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?

11 Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.

12 Ийм зүйлийг хийдэг, өмгөөлдөг буюу хариулдаг хүнийг түг түмдийн ЭЗЭНд өргөл өргөдөг байсан ч Иаковын майхнаас ЭЗЭН таслах болтугай.

13 Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй.

14 Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.

15 Гэвч өчүүхэн ч гэсэн Сүнстэй хэн нь ч тэгэхгүй. Тэр Бурхант үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тиймд сүнсэндээ анхаар. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг.

16 Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун.”

17 Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan