Лук 8 - Ариун Библи 2013Үйлчилж байсан эмэгтэйчүүд 1 Үүний дараа Есүс удалгүй хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. 2 Мөн өвчин болоод ёрын сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эм гэгддэг Мариа, 3 Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мөн Сузанна болон өөр олон хүн байж, өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа. Сургаалт зүйрлэл: Тариачин ( Мт 13:1–9 ; Мк 4:1–9 ) 4 Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. — 5 Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гишгэн, огторгуйн шувууд идчихжээ. 6 Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ. 7 Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов. 8 Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Сургаалт зүйрлэлийн зорилго ( Мт 13:10–17 ; Мк 4:10–12 ) 9 Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад 10 Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ. Тариачны сургаалт зүйрлэлийн тайлбар ( Мт 13:18–23 ; Мк 4:13–20 ) 11 Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. 12 Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. 13 Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. 14 Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. 15 Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм. Саван доорх дэнлүү ( Мк 4:1–25 ) 16 Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юмуу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. 17 Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. 18 Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв. Есүсийн жинхэнэ төрөл садан ( Мт 12:46–50 ; Мк 3:31–35 ) 19 Тэгтэл эх болон дүү нар нь Түүн дээр ирэв. Маш олон хүн байснаас тэд Түүн уруу очиж чадаагүй тул 20 Түүнд —Эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэж хэлүүлэв. 21 Харин Есүс тэдэнд —Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн гэжээ. Шуурга намдаав ( Мт 8:23–27 ; Мк 4:35–41 ) 22 Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэжээ. 23 Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. 24 Тэд Түүн уруу очиж сэрээгээд —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов. 25 Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа. Чөтгөрт эзэмдүүлсэн хүний эдгэрэл ( Мт 8:28–34 ; Мк 5:1–20 ) 26 Тэд Галилын эсрэг талд орших герасчуудын нутагт хүрч ирэв. 27 Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. 28 Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. 29 Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж. 30 Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. 31 Чөтгөрүүд өөрсдийг нь оёоргүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. 32 Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. 33 Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нууранд унан живцгээлээ. 34 Болсон бүхнийг хараад гахайчид зугтаж, энэ тухай хот хөдөөгүй ярив. 35 Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав. 36 Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. 37 Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ. 38 Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, — 39 Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо. Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв ( Мт 9:18–26 ; Мк 5:21–43 ) 40 Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа. 41 Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. 42 Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. 43 Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. 44 Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. 45 Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд 46 харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. 47 Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. 48 Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв. 49 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. 50 Харин Есүс үүнийг сонсоод, түүнд —Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно гэлээ. 51 Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 52 Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд 53 үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. 54 Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд 55 сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. 56 Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)