Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Лук 22 - Ариун Библи 2013


Есүсийг алах хуйвалдаан
( Мт 26:1–5 , 14–16 ; Мк 14:1–2 , 10–11 ; Иох 11:45–53 )

1 Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа.

2 Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв.

3 Арван хоёрын нэг байсан Искариот гэгдэгч Иудаст Сатан шүглэв.

4 Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв.

5 Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ.

6 Иудас ч санаа нийлж, Түүнийг хурсан олноос зайдуухан тэдэнд барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.


Алгасал баярын бэлтгэл
( Мт 26:17–25 ; Мк 14:12–21 ; Иох 13:21–30 )

7 Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов.

8 Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв.

9 Тэд Түүнд —Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд

10 Тэр тэдэнд —Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор.

11 Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй.

12 Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэжээ.

13 Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв.


Эзэний зоог
( Мт 26:26–30 ; Мк 14:22–26 ; 1Ко 11:23–25 )

14 Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв.

15 Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.

16 Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд,

17 Тэр аягыг авч, талархал өргөн —Үүнийг авч, дундаа хүртэцгээ.

18 Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй гэв.

19 Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

20 Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.

21 Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.

22 Учир нь үнэхээр Хүний Хүү тогтоогдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв.

23 Тэд өөр хоорондоо —Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.


Агуу байх тухай маргаан

24 Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.

25 Тэр тэдэнд —Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.

26 Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.

27 Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.

28 Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.

29 Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө.

30 Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Петрийн үгүйсгэлийг зөгнөв
( Мт 26:31–35 ; Мк 14:27–31 ; Иох 13:36–38 )

31 Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан.

32 Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд

33 тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв.

34 Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.


Хүүдий, богц, илд

35 Тэгээд Тэр тэдэнд —Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд —Үгүй, юугаар ч дутаагүй гэв.

36 Тэр тэдэнд —Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг.

37 Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.

38 Тэгтэл тэд —Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр —Энэ чинь хангалттай гэв.


Чидун уулан дээр залбирав
( Мт 26:36–46 ; Мк 14:32–42 )

39 Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа.

40 Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж —Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд

41 тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. —

42 Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв.

43 Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

44 Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.

45 Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад,

46 тэдэнд —Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа гэж айлдав.


Урвалт ба баривчилгаа
( Мт 26:47–56 ; Мк 14:43–50 ; Иох 18:3–11 )

47 Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв.

48 Харин Есүс түүнд —Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв.

49 Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд

50 тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ.

51 Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.

52 Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү?

53 Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.


Есүсийг Петр үгүйсгэв
( Мт 26:57–58 , 69–75 ; Мк 14:53–54 , 66–72 ; Иох 18:12–18 , 25–27 )

54 Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив.

55 Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа.

56 Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн —Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан гэхэд

57 Петр үүнийг үгүйсгэж —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ.

58 Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад —Чи бас тэдний нэг байна гэхэд Петр —Хүн гуай, би биш гэв.

59 Нэг цаг орчмын дараа өөр нэг нь —Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ.

60 Тэгтэл Петр —Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов.

61 Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад

62 гадагш гарч, гашуунаар уйлав.


Есүсийг тохуурхаж, зодов
( Мт 26:67–68 ; Мк 14:65 )

63 Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв.

64 Тэд Есүсийн нүдийг боогоод —Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.

65 Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.


Иудейн Зөвлөлийн өмнө
( Мт 26:59–66 ; Мк 14:55–64 ; Иох 18:19–24 )

66 Өглөө болоход ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг Зөвлөлийн танхимд хүргүүлэв.

67 Тэд —Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх гэхэд Тэр —Би хэлбэл та нар итгэхгүй.

68 Би та нараас асуувал та нар хариулахгүй.

69 Харин үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно гэжээ.

70 Тэд бүгд —Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд —Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв.

71 Тэд —Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan