Лук 21 - Ариун Библи 2013Бэлэвсэн эмэгтэйн өргөл ( Мк 12:41–44 ) 1 Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг 2 мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. 3 Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. 4 Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв. Сүмийн сүйрлийг зөгнөв ( Мт 24:1–2 ; Мк 13:1–2 ) 5 Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс — 6 Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. Тэмдэг ба хавчлага ( Мт 24:3–14 ; Мк 13:3–13 ) 7 Тэд Түүнээс —Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав. 8 Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага. 9 Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм гэв. 10 Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11 хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. 12 Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. 13 Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14 Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө. 15 Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16 Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ. 17 Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18 Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19 Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. Иерусалимын сүйрлийг зөгнөв ( Мт 24:15–21 ; Мк 13:14–19 ) 20 Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. 21 Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. 22 Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. 23 Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24 Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно. Хүний Хүүгийн залрал ( Мт 24:29–31 ; Мк 13:24–27 ) 25 Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. 26 Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. 27 Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. 28 Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв. Инжрийн модноос авах сургамж ( Мт 24:32–35 ; Мк 13:28–31 ) 29 Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар. 30 Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. 31 Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. 32 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33 Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй. Сонор сэрэмжтэй байх сануулга 34 Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. 35 Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36 Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. 37 Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. 38 Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)