Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Лук 19 - Ариун Библи 2013


Есүс ба Закхай

1 Есүс Иерихог дайрч өнгөрөв.

2 Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ.

3 Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв.

4 Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа.

5 Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.

6 Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав.

7 Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.

8 Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд

9 Есүс түүнд —Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн.

10 Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.


Сургаалт зүйрлэл: Арван маанэ
( Мт 25:14–30 )

11 Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн нь Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ.

12 Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ.

13 Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ.

14 Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.

15 Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ.

16 Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд

17 тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ.

18 Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд

19 тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.

20 Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан.

21 Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд

22 тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?

23 Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд,

24 дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв.

25 Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд

26 “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.

27 Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
( Мт 21:1–11 ; Мк 11:1–11 ; Иох 12:12–19 )

28 Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав.

29 Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж —

30 Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир.

31 Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлна вэ?” гэвэл “Эзэнд энэ хэрэгтэй байна” гэж хэл гэжээ.

32 Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов.

33 Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс —Та нар юунд дудранг уяанаас нь тайлав? гэхэд

34 тэд —Эзэнд хэрэгтэй байна гэв.

35 Тэд дудранг Есүст авчирч, дээр нь дээлүүдээ тохсоны дараа Есүсийг мордуулав.

36 Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа.

37 Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,

38 —Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа.

39 Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багш аа, шавь нараа хориоч гэсэнд

40 Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.


Иерусалимын төлөө уйлав

41 Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж —

42 Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав.

43 Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед

44 чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.


Сүмийг цэвэрлэв
( Мт 21:12–17 ; Мк 11:15–19 ; Иох 2:13–22 )

45 Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад,

46 тэдэнд —“Миний гэр залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв.

47 Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөх арга зам хайж байвч

48 ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan