Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Лук 16 - Ариун Библи 2013


Сургаалт зүйрлэл: Шударга бус нярав

1 Шавь нартаа Тэрээр мөн ийнхүү айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.

2 Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ.

3 Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.

4 Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,

5 эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаж, эхний хүнээс “Чи эзэнд минь хэр өртэй вэ?” гэсэнд

6 тэр “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ.

7 Тэгээд нөгөөд нь “Чи хэр өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ.

8 Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.

9 Би та нарт хэлье. Шударга бусын эд баялгаар өөрсдөдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм.

10 Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.

11 Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?

12 Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ?

13 Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв.


Хууль ба Бурханы хаанчлал
( Мт 11:12–13 ; 5:31–32 ; Мк 10:11–12 )

14 Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод Түүгээр доог тохуу хийж байлаа.

15 Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.

16 Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.

17 Гэвч хуулиас ганц зураас алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.

18 Эхнэрээсээ салж, өөр нэгэнтэй гэрлэгч хэн боловч завхайрсан болно. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.


Баян эр Лазар хоёр

19 Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.

20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,

21 мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв.

22 Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.

23 Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.

24 Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад

25 Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.

26 Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд

27 тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя.

28 Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.

29 Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд

30 тэр “Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал тэд гэмших болно” гэв.

31 Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan