Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Лук 10 - Ариун Библи 2013


Далан хүнийг илгээв

1 Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв.

2 Тэр тэдэнд айлдахдаа —Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа.

3 За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ.

4 Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.

5 Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл.

6 Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ.

7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж.

8 Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид.

9 Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн.

10 Харин ямар ч хотод очсон хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад,

11 “Бидний хөлд наалдсан, хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал айсуйг сайн мэдтүгэй” гэж хэл.

12 Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь уг хотоос илүү хүлцэхүйц байх болно.


Эс гэмшсэн хотууд золгүй еэ!
( Мт 11:20–24 )

13 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.

14 Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно.

15 Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.

16 Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Далан хүн буцаж ирсэн нь

17 Мөнөөх далан хүн баяртайгаар буцаж ирээд —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээхэд

18 Тэр тэдэнд —Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа.

19 Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.

20 Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.


Есүсийн баяр хөөр
( Мт 11:25–27 ; 13:16–17 )

21 Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ.

22 Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй гээд

23 шавь нар уруугаа эргэж тэдэнд тусгайлан —Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй.

24 Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч ба хаад харахыг хүссэн авч хараагүй мөн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.


Сургаалт зүйрлэл: Сайн самари хүн

25 Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад

26 Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд

27 тэр —Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.

28 Тэгэхэд нь Есүс —Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.

29 Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.

30 Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.

31 Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.

32 Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.

33 Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,

34 түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.

35 Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ.

36 Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд

37 тэр —Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.


Марта Мариа нарынд зочлов

38 Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.

39 Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.

40 Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.

41 Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа.

42 Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan