Леви 8 - Ариун Библи 2013Тослон томилох ёслол ( Гэт 29:1–37 ) 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа — 2 Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад, 3 уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмнийг цуглуул гэв. 4 Ийнхүү ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор Мосе хийв. Уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмэн цугларчээ. 5 Мосе хотол түмэнд —ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл энэ болой гэж ярив. 6 Тэгээд Мосе, Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав. 7 Тэр түүнд дотуур дээл өмсгөж, бүс бүслүүлээд ефодын нөмрөг нөмрүүлж, ефод өмсүүлэв. Үүнийг тогтоохын тулд уран нэхсэн ефодын бүсээр түүнийг бүслэв. 8 Тэрээр цээживчийг биед нь тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийлээ. 9 Тэр толгой дээр нь толгойн ороолт тавьж, толгойн орооолтны урд талд ариун титэм болох алтан пайзыг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тавив. 10 Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон ариусгаж, 11 үүнээс тахилын ширээн дээр долоон удаа цацаад, тахилын ширээ болон бүх хэрэгсэл, угаалгын сав болон суурийг нь тослон ариусгав. 12 Тэрээр тосолгооны тосноос Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов. 13 Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэдэнд дотуур дээл өмсгөн бүс бүслүүлж, толгойн боолт углав. 14 Тэрээр нүглийн тахил бухыг авчирсан бөгөөд Аарон болон түүний хөвгүүд нүглийн тахил бухын толгой дээр гараа тавьцгаав. 15 Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав. 16 Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр тэдгээрийг шатаав. 17 Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор бухыг буюу үүний арьс, мах, сэвсийг нь хуарангийн гадна галд шатаав. 18 Тэрээр шатаалт тахилын нэг хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 19 Тэрээр үүнийгээ нядлан цусыг нь тахилын ширээг тойруулан сүрчээд, 20 хуцыг эвдэж, толгой, хэсгүүд болон өөхийг нь шатааж, 21 харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа. 22 Тэрээр хоёр дахь хуц буюу томилгооны ёслолын хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 23 Мосе үүнийг нядалж, цуснаас нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэлээ. 24 Мосе мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд цуснаас хүргэв. Мосе үлдсэн цусыг тахилын ширээг тойруулан цацав. 25 Тэрээр өөх, сүүл, бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт болон баруун гуяыг нь авав. 26 ЭЗЭНий өмнө байдаг исгээгүй талхны сагснаас тэрээр нэг исгээгүй талх, нэг тосонд багсарсан боов болон нэг бинг авч, өөхөн дээр, баруун гуян дээр өрж тавьжээ. 27 Энэ бүхнийг тэрээр Аароны гар дээр болон хөвгүүдийнх нь гар дээр тавьж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав. 28 Мосе эдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаав. Эдгээр нь тааламжит үнэрт томилгооны ёслолын тахил буюу ЭЗЭНд өргөх галан тахил байв. 29 Мосе өвчүүг авч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор, томилгооны ёслолын хуцнаас Мосед ногдох хувь байлаа. 30 Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав. 31 Мосе, Ааронд ба хөвгүүдэд нь хэлэхдээ —“Аарон ба хөвгүүд нь үүнийг идэх болно” гэж тушаасан ёсоор махыг уулзалтын майхны үүдэнд буцалгаж, томилгооны ёслолын сагсанд байдаг талхтай хамт идэгтүн. 32 Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун. 33 Та нар томилгооны ёслолын чинь өдрүүдийг гүйцэх хүртэл уулзалтын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь та нарыг томилон тослоход долоо хоног болох юм. 34 Та нарт эвлэрүүллийг үйлдэхийн тулд өнөөдөр хийгдсэнийг хийхийг ЭЗЭН тушаав. 35 Та нар үхэхгүйн тулд уулзалтын майхны үүдэнд долоо хоногийн турш өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий өгөх үүргийг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ. 36 Ийнхүү Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаасан бүх зүйлийг Аарон болон түүний хөвгүүд хийв. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)