Леви 15 - Ариун Библи 2013Элдэв шүүрдэс 1 ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа — 2 Израилийн хөвгүүдтэй ярин “Аливаа хүний бие махбодоос шүүрдэс гарвал тэрээр шүүрдсийнхээ улмаас бузар болой. 3 Түүний шүүрдэс ингэж бузарлана. Бие махбодоос нь шүүрдэс шүүрч байгаа эсвэл шүүрдсээ саатуулсан ч бай энэ нь түүнд бузар юм. 4 Шүүрдэстэй хүний хэвтсэн аливаа ор бузар бөгөөд дээр нь суусан юм бүхэн бузар болой. 5 Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 6 Шүүрдэстэй хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузар байна. 7 Шүүрдэстэй хүний бие махбодод хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 8 Хэрэв шүүрдэстэй хүн цэвэр байгаа нэгэн өөд нулимах аваас тэр хүн нь хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 9 Шүүрдэстэй хүний тохож явсан аливаа эмээл бузар болой. 10 Мөн түүний доор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. Эдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 11 Шүүрдэстэй нэгэн гараа усанд зайлалгүйгээр хэн нэгэнд хүрсэн бол тэр хүн нь хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 12 Шүүрдэстэй хүний хүрсэн шавар савыг хагалж харин аливаа модон савыг усаар зайлах ёстой. 13 Шүүрдэстэй хүн шүүрдсээсээ эдгэрч цэвэршихдээ, өөрийн цэвэршилд зориулан долоо хоногийг тоолоод хувцсаа угааж, урсгал усанд бие махбодоо булхаж цэвэр болох ёстой. 14 Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө. 15 Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу. 16 Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх бие махбодоо усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 17 Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас эсвэл аливаа арьсыг усаар угаах бөгөөд тэр нь үдэш болтол бузар байна. 18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтаж, үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 19 Хэрэв эмэгтэй хүн цусан шүүрдэстэй байж, тэр нь түүний бие махбодын ердийн шүүрдэс байх аваас тэрээр сарын тэмдгийн бузарталдаа долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 20 Мөн сарын тэмдгийнхээ үед түүний хэвтсэн аливаа зүйл бузар бөгөөд дээр нь суусан аливаа зүйл бузар болой. 21 Оронд нь хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 22 Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 23 Түүний ор ч бай, дээр нь сууж байсан зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузар байна. 24 Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтаж хэвтээд, эмэгтэйн бузар нь түүн дээр хүрэх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан байх бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор бузар болох ажгуу. 25 Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгээс өөр үед олон хоног цусан шүүрдэстэй байх эсвэл тийм үеэс цааш үргэлжлэн шүүрдэстэй хэвээр байх аваас шүүрлийнхээ бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт байх болой. Тэрээр бузар байна. 26 Шүүрдсийнхээ бүх өдрүүдэд түүний хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үеийн орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл тэр үеийнх нь бузрынхтай нь адил бузар болой. 27 Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна. 28 Тэр эмэгтэй шүүрдсээсээ эдгэрч цэвэршихдээ долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болно. 29 Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна. 30 Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан тахина. Ийнхүү бузар шүүрдсийнх нь улмаас тахилч ЭЗЭНий өмнө тэр эмэгтэйд эвлэрүүллийг хийнэ. 31 Израилийн хөвгүүд өөрсдийнх нь дунд байгаа Миний асрыг бузарласнаар бузар дотроо үхэхгүйн тулд та нар тэднийг бузраас нь сэрэмжлүүлэгтүн” гэв. 32 Энэ нь шүүрдэстэй нэгний тухай мөн үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай хууль бөгөөд 33 түүнчлэн сарын тэмдгийн бузартлын улмаас зовууртай болсон эмэгтэй мөн эр ч бай, эм ч бай шүүрдэстэй нэгэн эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)