Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Леви 13 - Ариун Библи 2013


Арьсны халдварт өвчний талаар

1 Мосе Аарон нарт ЭЗЭН айлдахдаа —

2 Хүний биеийн арьсан дээр гөвдрүү эсвэл яр эсвэл тод өнгөтэй толбо гарч энэ нь биеийнх нь арьсан дээр арьсны халдварт өвчин болвол түүнийг тахилч Ааронд эсвэл түүний тахилч хөвгүүдийн нэгэнд аваачна.

3 Биеийнх нь арьсан дээрх шархыг тахилч үзэж, хэрэв шархтай газар дээрх үс цайж, шарх биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны халдварт өвчний тэмдэг юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан гэж тодорхойлно.

4 Хэрэв биеийнх нь арьсан дээрх тод толбо цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс цайгаагүй байвал шархтай хүнийг тахилч долоо хоногоор хөл хорих ёстой.

5 Долоо дахь өдөр тахилч түүнийг үзэх бөгөөд хэрэв түүний нүдэнд шарх хувираагүй, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорих ёстой.

6 Тахилч түүнийг долоо дахь өдөр дахин үзэх бөгөөд хэрэв шарх бүдгэрч, арьсан дээгүүр тархаагүй байх аваас тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлох ёстой. Энэ нь шархны тав болой. Тэр хүн хувцсаа угаан цэвэр болно.

7 Харин тэр цэвэршихдээ биеэ тахилчид үзүүлсний дараа уг шархны тав арьсан дээгүүр цааш тархах аваас тэр хүн тахилчид дахин үзүүлэх ёстой.

8 Тахилчийн үзэх үед хэрэв уг шарх арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

9 Хэрэв хүн арьсны халдварт өвчтэй байвал түүнийг тахилч уруу аваачна.

10 Тахилчийн үзэх үед арьсан дээрх гөвдрүү цагаан, үс нь цайрсан мөн гөвдрүүн дээр шархалсан, үхжээгүй мах байх аваас

11 түүний биеийн арьсан дээр арьсны архаг халдварт өвчин байна. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Бузартсан гэж тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй.

12 Хэрэв арьсны халдварт өвчин арьсан дээгүүр тэлэн тэлсээр, шархтай нэгний толгойноос авахуулан хөл хүртэл бүхэлд нь бүрхсэнийг тахилч харвал,

13 тахилч үүнийг сайтар үзэхэд, хэрэв уг арьсны халдварт өвчин түүний бүх бие махбодыг бүрхсэн байх аваас шархтай нэгнийг цэвэр гэж тахилч тодорхойлно. Бүгд цайрч, тэрээр цэвэр болжээ.

14 Харин түүнд шархалсан, үхжээгүй мах гарч ирэх бүрд тэрээр бузартсан болно.

15 Тахилч уг шархалсан, үхжээгүй махыг үзэж, түүнийг бузартсан гэж тодорхойлно. Шархалсан, үхжээгүй мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу.

16 Хэрэв уг шархалсан, үхжээгүй мах нь эргэж цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно.

17 Тахилч түүнийг сайтар үзэхэд шарх нь цайрсан байх аваас тахилч шархтай нэгнийг цэвэр гэж тодорхойлно. Тэрээр цэвэр байна.

18 Хэрэв биеийн арьсан дээр буглаат хатги гараад эдгэсэнд

19 буглаат хатгины ором дээр цагаан гөвдрүү эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх аваас үүнийг тахилчид үзүүлэх ёстой.

20 Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь буглаат хатгины оромд гарсан арьсны халдварт өвчин юм.

21 Хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсан доор биш мөн бүдгэрсэн байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино.

22 Харин энэ нь арьсан дээгүүр тэлэн тэлсээр байвал тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь шарх болой.

23 Харин тод толбо байрандаа үлдэн тархаагүй байвал энэ нь зөвхөн хатгины сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.

24 Хэрэв хэн нэгний бие махбод галд түлэгдэж, түлэнхийн шархан дээр тод цайвар ягаан эсвэл цагаан толбо байвал

25 тахилч түүнийг үзээд, хэрэв толбон дээрх үс нь цайсан ба тэр нь арьснаас гүн харагдах аваас түлэгдэлт дээр дэлгэрч гарсан арьсны халдварт өвчин болой. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой.

26 Хэрэв тахилч түүнийг үзэхэд толбон дээр ямар ч цагаан үс байхгүй, тэр нь арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байвал тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино.

27 Тахилч түүнийг долоо дахь өдөр үзээд, тэр нь арьсан дээр тархан тархсаар байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой.

28 Харин толбо байрандаа үлдэн арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх аваас энэ нь түлэгдэлтийн гөвдрүү болой. Энэ нь зөвхөн түлэгдлийн сорви учир тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.

29 Хэрэв эр эсвэл эм хүн толгой юмуу шанаандаа яр шархтай байх аваас

30 тахилч уг үрэвслийг үзээд, тэр нь арьснаас гүн харагдан түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу шанаан дээрх арьсны халдварт өвчний шарх болой.

31 Гэвч тахилч хамууны шархыг үзэхэд арьснаас гүн харагдахгүй, түүн дээр ямар ч хар үс байхгүй бол тахилч хамууны шархтай хүнийг долоо хоногоор хөл хорино.

32 Долоо дахь өдөр тахилч шархыг үзээд, тэр нь тархан тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй мөн шарх нь арьснаас гүн биш байх аваас

33 тэр хүн хамуутай газрыг хусалгүйгээр үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

34 Тэгээд долоо дахь өдөр тахилч хамууг үзээд, тэр нь арьсан дээгүүр тархаагүй, арьснаас гүн биш харагдаж байвал тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болог.

35 Харин түүний цэвэршлийн дараа уг хамуу арьсан дээгүүр тархан тархсаар байх аваас

36 тахилч түүнийг үзэхэд хамуу арьсан дээгүүр тархсан аваас тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна.

37 Хэрэв тахилчийн харах үед хамуу өөрчлөгдөөгүй, түүн дээр хар үс ургасан байх аваас уг хамуу эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.

38 Эр, эм хүн биеийнхээ арьсан дээр цайвар толбо, бүр цагаан толботой болох аваас

39 тахилч үзэх ба хэрэв биеийнх нь арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр дэлгэрсэн тууралт болой. Тэр хүн цэвэр байна.

40 Хэрэв эрэгтэй хүний толгойн үс унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.

41 Хэрэв түүний толгой урдаасаа хажуугаасаа халзрах аваас тэрээр духандаа халзан учраас цэвэр болой.

42 Харин халзан толгой эсвэл халзан духан дээр нь цайвар ягаан шарх бий болох аваас энэ нь халзан толгой эсвэл халзан духан дээр дэлгэрсэн арьсны халдварт өвчин болой.

43 Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгой эсвэл халзан духан дээрх шарх гөвдрүү нь биеийнх нь арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас

44 тэр хүн арьсны халдварт өвчтэй бөгөөд бузартсан болой. Түүний шарх толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан гэж зарлах ёстой.

45 Арьсны халдварт өвчний шархтай нэгэн урж цуулсан хувцас өмсөж, толгойнхоо үсийг бүтээлгүй, эрүү нүүрээ таглан “Бузартсан, бузартсан” гэж хашхирч байх ёстой.

46 Шархтай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар гэгдэх ёстой. Тэр бузартсан бөгөөд түүний сууц хуарангийн гадна байж, тэр ганцаараа амьдрах ёстой.

47 Хувцсан дээр хөгцний толбо гарах аваас энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,

48 ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй,

49 хэрэв хувцсан дээр эсвэл арьсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдийн дээр эсвэл аливаа савхин эдлэл дээрх уг толбо ногоовтор буюу улбар байх аваас энэ нь хөгцний толбо учир үүнийг тахилчид үзүүлэх ёстой.

50 Тахилч толбыг үзээд уг толботой эдийг долоо хоногоор тусгаарлаж,

51 долоо дахь өдөр тэрээр уг толбыг үзээд, хэрэв тэр нь хувцсан дээгүүр, нэхмэл буюу сүлжмэл эдийн дээгүүр эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхи буюу аливаа савхин эдлэл дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой хөгц учир бузар болой.

52 Тиймээс толботой болсон хувцас, ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйлийг тэрээр шатаах ёстой. Энэ нь хортой хөгц учир үүнийг галд шатаах ёстой.

53 Гэвч тахилчийг харахад уг толбо хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйл дээр тархаагүй байх аваас

54 толботой болсон зүйлийг угаахыг тахилч тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана.

55 Толботой зүйлийг угаасных нь дараа тахилч дахин үзнэ. Хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй мөн уг толбо тархаагүй байвал энэ нь бузар бөгөөд тэр эдийг гаднаас нь эсвэл дотроос нь халцлан идсэн байсан ч хамаагүй түүнийг та нар галд шатаа.

56 Харин угаасных нь дараа тахилч үзэхэд уг толбо бүдгэрсэн байвал, үүнийг уг хувцас буюу савхин зүйл эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс урж авна.

57 Хэрэв тэр нь хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эд дээр эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх аваас энэ нь тархан дэлгэрсэн учир толботой зүйлийг галд шатаа.

58 Хувцас эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа уг толбо бүрэн арилсан байх аваас түүнийг хоёр дахь удаагаа угаан тэр нь цэвэр болно гэлээ.

59 Энэ нь ноосон юмуу маалинган хувцсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээр эсвэл савхин аливаа эдлэл дээрх хөгцний толбоны тухай, түүнийг цэвэр эсвэл бузар гэж тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan