Леви 11 - Ариун Библи 2013Цэвэр ба бузар хүнс ( Дх 14:3–21 ) 1 ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдахдаа — 2 Израилийн хөвгүүдтэй ярин “Газар дээрх амьтан бүгдээс та нарын идэж болох амьтад энэ болой. 3 Амьтдын дундаас туурай нь салаалсан буюу ац туурайтан, сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно. 4 Харин сэвсээ хивэгчид мөн ац туурайтны дундаас та нар дараахыг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир та нарт бузар юм. 5 Түүнчлэн хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир та нарт бузар юм. 6 Түүнчлэн туулай хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир та нарт бузар болой. 7 Түүнчлэн гахай хэдийгээр туурай нь салаалсан буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир та нарт бузар болой. 8 Эдгээрийн махыг та нар бүү ид, сэгэнд нь ч бүү хүр. Эд та нарт бузар юм. 9 Усанд байдаг бүхнээс та нар дараахыг идэж болно. Далайд эсвэл голд буюу усанд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. 10 Харин усанд сэлэгчдийн дундаас мөн усанд буй бүх амьд биетээс далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйл мөн. 11 Эд та нарт жигшүүрт зүйл болох учир эдгээрийн махыг та нар бүү ид, сэгийг нь ч бузар хэмээн жигш. 12 Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой. 13 Шувууд дундаас дараахыг та нар бузар хэмээн жигших ёстой. Эд идэх ёсгүй жигшим зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас, 14 элээ ба шонхрын төрлүүд, 15 хэрээний бүх төрөл, 16 тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд, 17 ууль, хар галуу, цагаан хүзүүт тас, 18 хун, бэгбаатар, хүрэн шувуу, 19 өрөвтас болон хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой. 20 Дөрвөн хөллөдөг, хэвлээр явдаг, далавчит бүх хорхой шавьж та нарт жигшүүрт зүйл болой. 21 Гэсэн ч дөрвөн хөллөдөг, хэвлээр явдаг, далавчит бүх шавьжны дундаас газар дээгүүр дэвхрэхээр хөлдөө үе мөчтэйг та нар идэж болно. 22 Эдгээр дотроос та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэнийн төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно. 23 Харин дөрвөн хөлт, хэвлээр явагчид, далавчит шавьж бүхэн та нарт жигшүүрт зүйл юм. Цэвэр бус амьтад 24 Эдгээрээр та нар бузартах бөгөөд эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 25 Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. 26 Ац туурайтан боловч туурай нь салаалаагүй мөн сэвсээ хивдэггүй бүх амьтан нь та нарт бузар болой. Эдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно. 27 Дөрвөн хөлөөрөө явдаг бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар болой. Эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 28 Эдгээрийн сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Эд та нарт бузар ажгуу. 29 Газраар мөлхдөг мөлхөгч амьтдын дундаас дараах нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана болон том гүрвэлийн төрлүүд, 30 геккон, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу. 31 Мөлхөгч амьтан бүгдийн дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд эдгээрт үхсэн байхад нь хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна. 32 Эдгээрийн аль нэг нь үхсэн байхдаа, аливаа үйлд хэрэглэдэг модон эдлэл эсвэл хувцас хунар эсвэл арьс эсвэл уут хүүдийн дээр унах аваас тэр нь бузартсан болно. Түүнийг усанд хийх ёстой бөгөөд тэр нь үдэш болтол бузар байгаад дараа нь цэвэр болно. 33 Мөн эдгээрийн аль нэг нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой. 34 Аливаа идэж болох шингэн хоол бузартсан болно. Тийм саван дахь аливаа ууж болох шингэн нь бузартсан болно. 35 Эдгээрийн сэгний ямар нэг хэсэг аливаа юман дээр унавал тэр нь бузартсан болно. Тийм пийшин эсвэл зуухыг хэмхлэх ёстой. Тэр нь бузартсан бөгөөд та нарт бузар байна. 36 Гэвч булаг эсвэл ус хадгалах нөөцлүүр цэвэр хэвээр байх юм. Харин эдгээрийн сэгэнд хүрсэн нэгэн нь бузар болно. 37 Хэрэв эдгээрийн сэгийн аливаа хэсэг нь тариалалтад зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр байна. 38 Харин үрэн дээр ус хийсэн байхад эдгээрийн сэгийн аливаа хэсэг үүн дээр унах аваас тэр нь та нарт бузар болно. 39 Та нарт идэш болох мал адгуусны нэг нь үхэх аваас түүний сэгэнд хүрсэн хүн үдэш болтол бузар байна. 40 Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. 41 Газраар мөлхөх мөлхөгч амьтан бүр жигшүүрт бөгөөд үүнийг идэж болохгүй. 42 Газраар мөлхөх мөлхөгч амьтан бүгдээс хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явагчид мөн олон хөлтэй амьтан бүр жигшүүрт учир та нар тэдгээрийг идэж болохгүй. 43 Мөлхдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Эднээр өөрсдийгөө бүү бузарла. 44 Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. 45 Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Би билээ. Иймээс Би ариун учир та нар ариун бай” гэж хэлэгтүн. 46 Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний тухай хууль бөгөөд 47 бузрыг цэврээс, идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)