Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Леви 1 - Ариун Библи 2013


Шатаалт тахил

1 ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа —

2 Израилийн хөвгүүдтэй ярин “Та нараас хэн нэг нь ЭЗЭНд малаар өргөл өргөх бол бод, богийн сүргээсээ өргөл өргө.

3 Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.

4 Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана.

5 Тэр хүн ЭЗЭНий өмнө бяруу нядалж, Аароны тахилч хөвгүүд цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширээг тойруулан цацна.

6 Тэрээр шатаалт тахилыг өвчиж, үүнийг эвдэг.

7 Тахилч Аароны хөвгүүд тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр түлээ мод өрнө.

8 Аароны тахилч хөвгүүд бүх хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрж тавина.

9 Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.

10 Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.

11 Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.

12 Тэр үүнийг хэсэглэн эвдээд, толгой, гадар өөхийг нь тахилч тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрөх ажгуу.

13 Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.

14 Хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг.

15 Тахилч үүнийг тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин тахилын ширээн дээр шатаагаад цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна.

16 Бас түүний гүеэг өднийх нь хамт салган авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хаяг.

17 Түүнийг далавчийг нь ханзлахгүйгээр, хажуугаар нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan